МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оны тэргүүний багш, чанарын үнэлгээгээр тэргүүлэгч сургууль, улсын тэргүүний цэцэрлэгүүд тодорлоо
2019.10.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Оны тэргүүний багш, чанарын үнэлгээгээр тэргүүлэгч сургууль, улсын тэргүүний цэцэрлэгүүд тодорлоо

Өнөөдөр Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг Монгол орон даяар нийт боловсролын салбар, багш нар маань амжилт дүүрэн угтан тэмдэглэж байна. Жил бүрийн багш нарын өдрөөр ажил, үйлсээрээ тэргүүлсэн багш нараа, байгууллагуудаа алдаршуулж хийсэн ажлаа дүгнэдэг уламжлалтай билээ.

Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн сургуулиудаа урин тэднийхээ туршлагыг бусад цэцэрлэг, сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг энэ өдрүүдэд салбарын яамнаас зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн бол өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан зохион байгуулсан. Энэхүү чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургуульд Батламж гардуулж, эдгээр сургуулиуд харилцан туршлагаа хуваалцах ажлыг энэ өдөр зохион байгууллаа.

Батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулан өгч, баяр хүргэж үг хэллээ. Багш нарын баярын энэ өдөр 2018-2019 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар шалгарсан Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын сургуулийн бага ангийн багш Ч.Янжинлхам, Архангай аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургуулийн газар зүйн багш Л.Одмандах нарын шагналыг гардуулан өгөв.

Мөн БСШУС-ын сайдын 2019 оны А/355 дугаар тушаалаар Улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарлаа. 2019 он боловсролын салбарт түүхэн үйл явдлаар дүүрэн, шинэ хуудас нээсэн жил болж байна. Бид багш нарынхаа VII их хурлыг зохион байгуулж, өнгөрсөн 23 жилийн хугацаанд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний алдаа, оноо гарц шийдлийг ярилцаж, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн багш нараа хэрхэн хөгжүүлэх арга замаа тодорхойллоо.

Түүнчлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад багш нар үнэлгээ, дүгнэлт өгч, түүнд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт багш, удирдах ажилтанд энэ оны 8 дугаар сард сургалт зохион байгуулж, сайжруулсан сургалтын хөтөлбөр 9 дүгээр сараас хэрэгжиж эхэллээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь хэрэгжих явцад “сайжруулалт” хийсэн анхны туршлага болж байгаагаараа онцлог юм. Сайжруулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй уялдуулан хичээлийн жилийн зорилгоо ч “багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлэх”-д чиглүүллээ. 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 39.6 мянган багш ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ