МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг хэлэлцэхийг дэмжлээ
2016.10.20
Улстөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг хэлэлцэхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан болохоо мэдэгдэв. 

Улсын өрийн зохистой удирдлага, төсвийн төлөвлөлтийг макро түвшний бодлого, зорилттой нийцүүлэхээс өмнө гадаад зээлийн төлбөрийн хугацаа болж хүндрэл үүсэхээр байгаагаас гадна макро эдийн засгийн бодлогод шаардлагатай тохиргоог хийлгүй хугацаа алдсанаас гадаад валютын нөөц, валютын ханшинд дарамт учирсан орчинд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дунд хугацаанд буюу 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгаагаа ч дурьдав.

Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, С.Чинзориг, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуусан юм. Монголбанк бие даасан байдлаар үйл ажиллагаа, хяналт шалгалтаа явуулж чадаж байгаа эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуугаад, цаашид хууль эрх зүйн орчны шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагын талаар саналыг тодрууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа, эдийн засгийн хүндрэл үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага мэргэжлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй явдал. Цаашид Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд банк, санхүүгийн хууль эрх зүйн орчныг өөрчлөн, шинэчлэх шаардлагын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж байгаа талаараа дуулгасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлснээр арилжааны банкууд зээл олголтоо бууруулж, энэ нь цаашлаад улс орны санхүүгийн эргэлтийг саармагжуулдаг сөрөг нөлөөтэй болохыг сануулаад, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын хүүг бууруулах ямар зорилт тусгасан талаар асуулаа.

Мөнгөний бодлогын хүү бол төв банкны эдийн засагт оролцох гол зэвсэг болохыг Монголбанкны ерөнхийлөгч онцлов. ОУВС-ийн аргачлалаар аливаа улсын валютын сангийн нөөц хамгийн багадаа гурван сарын импорттой тэнцэх хэмжээтэй байх ёстой байдаг бол манай улсын валютын нөөц 3.1 сарын импорттой тэнцэх хэмжээтэй байгаа.

Өмнө нь төгрөг, валютын ханшийг зохицуулахдаа Монголбанкнаас интервенцийн аргыг ашиглаж, 2012-2016 оны хугацаанд нийтдээ 6 тэрбум ам.долларын интервенци хийсэн байна. Энэ нь Монголбанкны валютын нөөцийг маш их хэмжээгээр бууруулсан, цаашид ийм бололцоо байхгүй учраас валютын нөөцөө хамгаалах үүднээс бодлогын хүүг 10.5-аас 4.5 пунктээр нэмэгдүүлэн 15 болгосон. Үүний үр дүнд валютын нөөцийг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд тогтмол хэмжээнд барьж байгаа үр дүн гарсныг хэллээ.

Гэхдээ мөнгөний бодлогын хүүг энэ хэмжээгээр удаан барих нь эрсдэлтэй бөгөөд цаашид бууруулах зорилтыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан болохыг тэрбээр танилцуулсан юм. Мөн ирэх онуудад төлөх гадаад зээлийн өр, хүүгийн төлбөртэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа тул энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудын талаар мэдээлэл өгөв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх  тодорхой арга хэмжээг төлөвлөөгүй болохыг шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд “Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн дэд сайд ОУВС, ДБ-тай цаашид хэрхэн хамтарч ажиллах, гаднын улс орнуудаас зээл авах эсэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг хэд хэдэн тодорхойгүй асуудлын улмаас валютын нөөц, төсөв, мөнгөний бодлоготой холбоотойгоор тодорхой мэдээлэл өгөх аргагүй байгаа гэж байна гэж хэлж байна.

Тиймээс эдгээр асуудлаар Эдийн засгийн байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нээлттэй мэдээлэл, тайланг ирүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчинг өөрчилж,дотоодын арилжааны банкуудаа хамгаалахын зэрэгцээ гадаадын банкуудын салбарыг нээж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжийн талаар судлах саналыг холбогдох байгууллагуудад сануулж хэллээ. Түүнчлэн ирэх онд төлөх зээлийн хүүгийн төлбөр, 2017 онд төлөх “Чингис” бондын эргэн төлөлттэй холбоотой асуудлуудаар тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ