https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөтлөгч эдийн засаг руу чиглэсэн суурь бодлого явуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Бат Эрдэнэ
2016.10.25
Улстөр

Хөтлөгч эдийн засаг руу чиглэсэн суурь бодлого явуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат Эрдэнэтэй ярилцлаа.

-Өчигдөр МАН-ын бүлэг өдөржин хуралдлаа. Чухам юу ярив?

Үдээс өмнө, үдээс хойш хуралдаж байна. Хэлэлцсэн гол асуудал бол мэдээж хэрэг төсөв. Мөн ахмадын “Насны хишиг" хөтөлбөр, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг ярилаа.

-“Насны хишиг” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүл эхээр болж байна вэ. Зарим гишүүн 65-аас дээш настай ахмадад насны хишиг олгоё гэсэн санал оруулж байгаа гэсэн?

Би хэдхэн хоногийн өмнө орон нутагт ажиллаад ирлээ. Иргэдэд насны хишиг гэж ямар хөтөлбөр вэ гэдгээ тайлбарлалаа. Ер нь бол МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл. Ахмад настнуудад насны хишиг хэлбэрээр жилд хоёр удаа мөнгөн тэтгэлэг олгоё гэж ярьсан.

Өндөр настнууд буюу 70-аас дээш настай хүмүүст олгох бодлого яригдаж байна. Ер нь бол мөрийн хөтөлбөрийн дагуу тэтгэвэр нэмэгдүүльө, тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя, зөрүүг олгоё гэж тусгасан.

Үүнтэй насны хишгийг хольж ойлгох хэрэггүй. Гишүүдээс янз бүрийн санал гарч ирж байгаа. Зарим нь тэтгэвэрт гарсан бүх хүндээ насны хишгийг олгоё гэж байгаа бол 65-аас дээш настнуудад олгох тухай ч ярьж байна. Миний хувьд уг нь насны хязгаарыг 65-аар тогтоовол зүгээр санагдаж байгаа.

Одоохондоо тэтгэврийг нийтэд нь нэмье гэж хавтгайруулах хэрэггүй. Ерөнхийдөө хэнд, яаж олгох тухай асуудал ажлын хэсэг болон бүлгийн хуралдаан дээр яригдаж байгаа. Хэрэв 65-аас дээш настай ахмадад насны хишиг олгохоор болвол 43 мянган хүнээр нэмэгдэх юм билээ.

-Мөнгөн дүнгээр хэдэн төгрөг нэмэгдэнэ гэсэн үг вэ?

4.2 тэрбум орчим төгрөг болж байна лээ. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн хүнд нөхцөл байдалд тэрбум тэрбумдахгүй болчихож. Энэ хүрээнд ажиллахгүй бол орлогын эх үүсвэрийн бололцоо хаагдмал байна.

-Хэрэв чуулганаар баталчихвал ахмадууд хэзээнээс насны хишгээ хүртэж эхлэх вэ?

Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. 2017 оны төсөвт насны хишиг хөтөлбөрт зориулан 20 тэрбум төгрөг суулгачихсан байгаа.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулахдаа заавал дөрвөн салбар гэж онцлох хэрэг байгаа юм уу. Уг нь үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд нийтэд нь 1.5 тэрбум төгрөгийн орлоготой гэсэн босго тогтоож болохгүй юу?

Тэгж хавтгайруулбал манай улс халамжийн орон болчих гээд байна. Бид ерөөсөө л халамж ярьдаг болчихлоо. Юм л бол цалин, тэтгэвэр нэмье, элдэв янзын халамжийн хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг болсон. Монгол Улс өөрийн гэсэн ашиг орлогоо олж байдаг эдийн засгийн бодлого алдагдчих гээд байна.

Бид Грекийн хямралыг “Стэнд бай”-аас болсон юм шиг яриад байдаг. Гэтэл бүтээн байгуулагчгүй болтлоо цалингаа нэмж халамжийг хавтгайруулсаар байгаад ийм байдалд орсон. Тиймээс бид хөтлөгч эдийн засаг луугаа чиглэсэн суурь бодлого явуулах хэрэгтэй.

Мал аж ахуйн үйлдвэрлэл, барилгын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарын татварыг хөнгөлнө. Өөрөө өөрсдийгөө аваад явах чадалтай бүтээгч үйлдвэрлэлийг дэмжмээр байгаа юм. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас салгах бодлого бариагүй. Ерөөсөө л Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгох хэрэгтэй.

Гол суурь болсон жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа юм. Нөгөө талаас бид макро эдийн засгийн хэмжээний том төслийн бодлого л баримтлаад байна. Гэтэл үүний цаана буюу ард иргэдийн амьжиргаатай холбоотой жижиг, дунд үйлдвэрлэл орхигдоод байна. Иймд дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлж дэмжье гэсэн бодлого гарч ирсэн.

-Төсөв нэлээн хүнд байгаа ч гэлээ хангалттай хэмжээнд танаагүй юм шиг байна. Задаргаанаас харахад юу, юуг дахин танаж болмоор харагдаж байна вэ?

Танах зүйлүүдээ танаад оруулаад ирсэн шүү дээ. Нарийн ухаж харвал юу юм бэ гэхээс биш ерөнхий таналтуудаа сайн хийсэн гэж бодож байгаа. Яахав өмнө нь ярьж байсанчлан төрийн албан тушаалтнуудын өндөр цалинг багасгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ саналыг дахин оруулж ирнэ гэж бодож байна. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн цалингийн зөрүүнээс татвар авъя гэж ярьж байсан.

Үүнийг оруулж ирмээр байна. Мөн архи, тамхи, алтны татваруудыг дахин оруулж ирэх хэрэгтэй. Зөв байсан хэрнээ нийт том шүүмжлэлийнхээ хүрээнд дарагдаад өнгөрсөн зүйлүүд бий. Эдгээрийг дахин оруулж ирмээр байна. Миний хувьд Засгийн газар дээрх асуудлуудыг дахин оруулж ирээсэй гэж бодож байгаа.

-Хэрвээ ОУВС-гаас дэмжлэг авчихвал 2017 оны төсөвт тодотгол хийнэ гэж яриад байгаа. Бүлгийн хуралдааны үеэр энэ асуудлыг ярив уу?

Ер нь 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв орж ирж байна. Энэ алдагдлаа тодруулах зайлшгүй шаардлага гарч ирж таараа. ОУВС бидэнд дэмжлэг үзүүллээ гэхэд санхүүжилт нь бүтнээрээ орж ирэх үү, үгүй юу гэдэг асуудал бий.

Гаднаас зээл тусламжийн хэлбэрээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирж байж цаашаа явахаас өөр аргагүй. Гуравхан сарын дараа 580 сая ам.долларын зээл төлнө.

Ирэх онд нийтдээ 6.6 их наяд төгрөгийн зээл төлнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орж ирж буй нийт орлогоос давсан мөнгийг өрөнд өгнө. Эдийн засаг ийм л хүнд байдалд орчихсон байна.

-Тэгвэл бидэнд ямар гарц байна вэ?

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Мөн гаднаас бага хүүтэй, олон жилийн хугацаатай зээл оруулж ирэхээс өөр сонголт алга.

-Манайд мөнгө зээлэх улс байгаа юм уу. Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр “Хэрэв та нар “Стэнд бай”-г хэрэгжүүлбэл бид тусална” гэж байсан. Нэг ёсондоо бидэнд биш гадны хөтөлбөрт л найдаж мөнгө өгье гэж байх шиг байна лээ?

Зөв шүү дээ. Яагаад гэвэл бид санхүүгийн маш замбараагүй байдалтай байлаа. Хөрөнгө оруулалт гэдэг Монгол Улсыг хөгжүүлэх том түлхэц. Гэтэл бид 2009, 2010 оноос эхлэн хөрөнгө оруулалт хүрэхгүй байгаа хэдий ч зайлшгүй хийх ёстой ажил дээр концесс гэж зүйл оруулж ирсэн.

Концесс гэдэг нэг талдаа хөрөнгө оруулалтыг татаж эдийн засагт тустай байдаг ч гэлээ нөгөө талдаа урт хугацааны өр л гэсэн үг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд вексел гэж зүйл бас гараад ирсэн. Уг нь бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой гэдэг шиг орж ирж буй орлогоороо хэдэн жилийн дараа ямар өр төлөх ёстой вэ гэдгийг тооцоолж бодоогүй.

Төсвөөс гадна концесс, вексел гэж зүйл гаргаж ирээд хоёр их наяд төгрөгийн зээлтэй болчихсон. Энэ мөнгийг ойрын хэдэн жилдээ хуваачихаар энэ жил гэхэд л 900 гаруй тэрбум төгрөг концесс, векселд төлөхөөр болчихсон явж байна. Ингэж ямар ч бодлогогүйгээр дандаа  зарлага гаргаад явчихсан болохоор гадаад зах зээл бидэнд итгэж чадахаа больж байна.

Энгийн жишээ л хэлье. Би танаас мөнгө зээлж авчихаад түүгээрээ машин авч унаад гэр орондоо тансаглаад, гоё ганган хувцсанд үрж ямар ч бизнес эрхлэхгүй бол яах вэ. Та дараагийн удаа надад итгэж мөнгө зээлдүүлэх үү. Уг нь гадаад зэх зээл дээр мөнгө бий.Гагцхүү олж ирсэн мөнгөө бид ямар зарчмаар зарцуулах вэ гэдэг сахилга батын тухай асуудал яригдаад байна.

-Манай улсын зээлжих зэрэглэл буурчихсан байгаа. Гадаад улс орон ч итгэлээ алдаж байх шиг байна. Хөрөнгө босгох тухай асуудлаар Засгийн газар хаашаа хандаж байгаа бол?

Сангийн яамныхны ярьж буйгаар бол гадаад зах зээлд манайд хөрөнгө оруулах мөнгө бий гэсэн. Хамгийн гол нь зарцуулах зарчмаа тодорхой болгож тохирох ёстой. Буцаад эргэлтэд орж байх зүйлд зарцуулахгүй бол болохгүй. Хөрөнгө босгосон даруйдаа худлаа баахан шоудаж улс төр хийгээд байвал болохгүй.

Аймаг, аймаг руугаа хөрөнгө оруулалт татчих гээд, хэдэн зам барьчих гэж дор бүрнээ зүтгээд байвал одоогийн нөхцөл байдлаасаа гарч чадахгүй. Эдийн засагчдын хамгийн гол санаа зовж байгаа зүйл бол мэдээж хэрэг орж ирсэн мөнгөнөөсөө өрөө төлнө. Бусад мөнгийг нь буцаж орж ирэх эргэлтэд оруулах.

-Өнөөдөр мөнгө ороод ирлээ гэхэд эргэлтэд оруулах яг тухайлсан төсөл байгаа юм уу. Хэдэн үйлдвэрлэл дэмжиж байна гээд дуусгачих юм биш биз дээ?

Засгийн газарт хэлээд л байна. Гаднаас валют татах бодлогын хэмжээний чиглэл гаргаж өгмөөр байгаа юм. Жилд 50 тонн мах гаргана гэж ярьж байгаа. Энэ бол экспортын зөв гарц мөн. Үүний цаана маш олон хүний амьдрал яригдана. Өөрөөр хэлбэл, малчдаас гарч буй бүтээгдэхүүн үнэд орох ёстой. Үүнтэй адил экспортод гаргаж болох бүтээгдэхүүнийг тодорхойлж өгмөөр байгаа юм.

Жишээ нь, бид чацаргана гаргая гэж яриад л байдаг. Гадаад зах зээл дээрх үнэ нь өндөр. Бид яагаад боловсруулаад, гадны жишигт нийцүүлээд гаргаж болохгүй гэж. Нэгэнт экспортод гаргах шаардлагаа хангачихвал УИХ, Засгийн газраас тухайн улс орны холбогдох байгууллагынхантай гэрээ хийж болохгүй гэх үндэслэл байхгүй.

-Ингэж ярьж байгаа ч гэлээ яг хэрэгтэй төслүүдэд мөнгө нь очдоггүй юм шиг байна лээ. Одоо хэрэв мөнгө ороод ирвэл зөв зарцуулж чадах уу?

Бодлогыг л гаргаж ирэх хэрэгтэй. Бид экспортод гаргадаг тавхан бүтээгдэхүүнтэй л болчихъё. Япончуудаас та нар яагаад ийм үнэтэй будаа иддэг юм бэ, Хятадаас хямдыг аваач гэж асууж үзсэн. Гэтэл өртөг хамаагүй ээ. Тэрний цаана олон өрх гэр, олон тариаланчийн амьдрал бий гэсэн. Үүнтэй адил нийтээрээ оролцдог бизнес рүү бид орох ёстой байна. Сая Ерөнхий сайд Японд айлчлаад ирэх үедээ хуурай сүүний технологи оруулж ирэхээр болсон.

Болж байна шүү дээ. Сум бүрт хуурай сүү үйлдвэрлэе. Өөрсдөө ууж чаддаггүй юмаа гэхэд экспортолъё. Хөдөөний айл бүр дор хаяж таван үнээтэй байгаа. Тэд орлоготой болох эх үүсвэртэй болж байна. Яг л ингэж ажиллах хэрэгтэй. Хавтгайдаа буюу олонхиороо хийдэг бизнесийг хамгийн түрүүнд барьж авч мөнгө болгомоор байгаа юм. Тэгж байж ард иргэдийн амьжиргааг дээшлүүлбэл эдийн засаг хүссэн хүсээгүй босоод ирнэ.

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлахдаа хоёр хувийн хүүтэй, хориос дээш жил ийн хугацаатай зээл олгооч гэж хүссэн. Уг нь ингэж гуй- хынхаа оронд Таван толгойн нүүрсээ гадаад зах зээлийн ханшаар заръя гэж хэлж болоогүй юм байх даа?

2010 оны үед Хятад маш их хэмжээний нүүрс авъя гэхэд нь санал өгч байсан юм. Нэн тэргүүнд дэд бүтцээ тодорхойлъё. Хэдэн км зам тавих вэ, хэдэн орон сууцны хороолол байгуулах вэ гэдгээ тодорхойлоод Хятадад саналаа хэлэх ёстой байсан. Хариуд нь аль нэг орддоо олон жилийн гэрээ хийж түрээслүүлэх байсан. Ийм саналыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас Засгийн газарт хүргүүлж байсан. Тухайн үедээ дэмжигдээгүй. Одоо харин таны хэлж байгаатай санал нийлж л байна.

-Санал нийлж байгаа юм бол УИХ болон Засгийн газраасаа яагаад шаардахгүй байгаа юм бз?

Уг нь энэ асуудлыг тавьсан. Гэхдээ Засгийн газрын бодлого чиглэл нь арай ондоо байх шиг байна. Бүлгийн хурал дээр санаа оноогоо хэлж байгаа. Засгийн газар өөрийн гэсэн бодлого, тооцоололтой ажиллаж байна. Доор нь олон мэргэжлийн яамд бий. Тэр бүгд ажиллаж байхад юун түрүүнд шүүмжилмээргүй байна. Засгийн газрын баримталж буй бодлого, гишүүдийнхтэй ерөнхий зарчмаараа нийлж байх ёстой.

-Та сая чуулган завсарлах үеэр орон нутагт ажиллаад ирсэн гэсэн. Ямар ажил амжуулаад ирэв. Иргэд юу хэлж ярьж байх юм?

Ээлжит бус чуулган завсарласнаас хойш хагас бүтэн сайн бүрт нутагтаа очиж ажиллаад байгаа. Би Булган аймгийнхаа МАН-ын дарга. Сонгуультай холбоотойгоор нэлээн хэд явсан. Хамгийн гол нь бид сонгуульд оролцохдоо нэг зүйл л амласан. Миний хувьд намынхаа хөтөлбөрийг ярьж байсан.

Тэр хөтөлбөр доошоо буухаар ИТХ-ын түвшинд яригдана. УИХ-ын сонгуулиар ярьж байсан МАН- ын хөтөлбөр одоо Булган аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болсон. Энэ мөрийн хөтөлбөрт санаа оноогоо тусгасан болохоор хэрэгжилтэд санаа тавих ёстой.

Сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө үр дүн, төгсгөлийг харах ёстой. Гол санаа нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн байгаа Манай нутагт урт сайхан намар болж байна. Иргэдтэй уулзахад улс орныхоо хэмжээний бодлогын ажилд оролцолгүй яахав. Түүнийхээ хажуугаар нутаг орондоо ямар ажил хийх гэж байна вэ асууж байна. Эхний хийж эхэлсэн ажлуудын үр дүнг нэхэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ