МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2016.11.23
Эдийн засаг, Худалдаа

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн   эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан. Ажлын хэсэг дэд ажлын хэсгийг байгуулан нийт хоёр удаа хуралдсан бөгөөд 37 саналын томьёоллыг боловсруулсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Ажлын хэсэг тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” гэж өөрчлөх, “Хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, хугацаандаа хэрэгжээгүй заалт тус бүрээр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хөтөлбөрийн биелэлтийн явцыг УИХ-д хагас жил тутам танилцуулж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох”, “Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, үр дүнгээр санхүүжүүлэх, төсвийн норм, нормативыг баримтлан хэмнэлтийн горимд шилжих” гэсэн саналуудыг гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Түүнчлэн “Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах”, “Атрын III аяныг үргэлжлүүлж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах”, ”Малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн эрх зүйн орчинг бий болгох” зэрэг саналууд дэмжигдсэн юм. Хуралдаанаар саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж дуусган байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсов

Мөн өдрийн хуралдаанаар “Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээллийг сонслоо.

Тус хорооны дарга С.Даваасүрэнгийн мэдээлсэнээр, 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай нийт этгээдийн тоог 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 76 хувиар өссөн байна. 2013 онд 813 байсан бол 1433 болж нэмэгдсэн бөгөөд үнэт цаасны салбарт 521, даатгалын зах зээлд 127 этгээд үйл ажиллагаа явуулж буй юм байна. Түүнчлэн 509 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, 276 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ ажиллаж буй аж. ББСБ-ын хугацаа хэтэрсэн зээл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.1 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 12.5 хувь байгаа ажээ. Нийт банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувь байгаа бөгөөд ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ цаашид үргэлжлэн өсвөл эрсдэл даах чадвар улам муудах төлөвтэй болохыг СЗХ-ны дарга С.Даваасүрэн танилцуулгадаа дурдсан юм. Мөн Тэрбээр СЗХ-ны дунд болон урт хугацаанд баримтлах бодлого, ББСБ, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийн талаар цаашид баримтлах бодлогын чиглэлийнхээ талаар танилцуулсан юм. Түүнчлэн тус хорооноос санхүүгийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдлийг бууруулах, ил тод өрсөлдөөн бүхий үр ашигтай зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, даатгуулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаараа ч мэдээлсэн.

СЗХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонслоо

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээлэл сонссон.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцуулга хийв. Төрийн банк нь 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ба 2013 оны 7 дугаар сард Хадгаламж банкны зарим актив, пассивыг шилжүүлэн авчээ. Төрийн банк нь 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 25 хувийг Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг 100 хувь төрийн өмчит арилжааны банк юм байна. Банкны харилцагчийн тоо 2016 оны III улирлын байдлаар 2.735.774, зээлдэгчийн тоо 205.726, хадгаламж эзэмшигчдийн тоо 584.182, салбар нэгжийн тоо 502, ажилтны тоо 3738 байгаа аж.

Төрийн банкны нийт активын хэмжээ 2 их наяд 9 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт активын бүтцийн 20.8 хувь нь үнэт цаас, 16.6 хувь нь мөнгөн хөрөнгө, 3.9% хувь нь үндсэн хөрөнгө, 56.4 хувь нь цэвэр зээл, 2.3 хувь нь бусад хөрөнгө байгаа аж.

2016 оны III улирлын эцсийн байдлаар цэвэр ашгийн хэмжээ өссөн дүнгээр 7.57 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд Төрийн банкны хувьчлалаас орох орлогыг 75 тэрбум төгрөг байхаар заасан бөгөөд энэ нь зөвхөн Сангийн яамны эзэмшлийн 25 хувьд ногдох доод хэмжээг заасан бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй 75 хувийг оролцуулан нийтэд нь хувьчлах тохиолдолд хувьчлах доод үнэ 300 тэрбум төгрөг байхаар тооцож буй аж. Түүчнлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хувьчлах бэлтгэл ажлын талаар хийгдсэн ажлуудын талаар мөн танилцуулсан юм. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ