МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан боллоо
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан
2016.11.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан боллоо

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан /2016.11.23/ 10 цаг 24 минутад гишүүдийн 62.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Уг хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох, дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл нар оролцсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгж байгаагаас 64301 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан эзэлж байгаа аж. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54237 бөгөөд энэ салбарын хөдөлмөр эрхлэлт 766911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3 хувийг эзэлж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцоллоо.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлд архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тогтоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрх хайх, ашиглах зэрэг дөрвөн төрлийн чиглэлийн үйл ажиллагааг хамруулдаггүй аж. Монгол Улсын хэмжээнд 2006-2016 оны есдүгээр сарын 01-ний байдлаар 745.45 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа гэдгийг дурдсан юм. Уг танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэллээ.

Үргэлжлүүлэн Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн танилцуулгыг Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл танилцууллаа. Тус танилцуулгад энэ салбарт ХБНГУ-ын барааны I-IV, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, БНХАУ-ын Хөдөө, аж ахуйн бага оврын трактор худалдан авах, Япон улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл, Азийн хөгжлийн банкны аж үйлдвэрийн хөтөлбөр, хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх нийт 10 төсөл хэрэгжиж дууссан байгааг дурдсан юм.

Харин өнөөдөр Азийн хөгжлийн банк, Япон улсаас хөдөө аж ахуй, ажлын байр бий болгох, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, чиглэлээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа аж. Мөн ирэх оноос Япон улсаас 12.0 тэрбум иенийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн гурав дахь шат, Дэлхийн банкнаас 20.0 сая ам долларын экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналаа хэлж байлаа. Тухайлбал, холбогдох хуулийн төсөлд үндэсний үйлдвэрлэгч компани гэж юу вэ гэсэн ойлголт байхгүй байгааг онцлоод бичил бизнес ангилал тусгах саналтай байлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолыг сунгах, орлогын албан татварын шинэчилсэн найруулгад бүх салбарыг хамруулах, орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг бүсчилсэн байдлаар бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагааг бизнесийн зөвлөх үйлчилгээтэй холбох, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан хүний нөөцийн асуудлыг бодлогоор дэмжих, үйлдвэрлэгчдийг дотоодын томоохон компаниудтай холбон борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байран дээрх шалгалт, тусгай зөвшөөрлийн асуудлыг багасгах зэрэг 13 саналыг хэлж байсан юм.

Гишүүдийн хувьд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимынхны саналтай нэг байгаагаа онцолж байв. Тухайлбал, Л.Элдэв-Очир гишүүн орон нутгийн бизнес эрхлэгчдийг бүсчилсэн байдлаар дэмжих шаардлагатай байгаатай санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн бол Д.Дамба-Очир гишүүн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаадад гаргахын тулд тухайн орны технологийг оруулж ирэх, хамтарсан үйл ажиллагаа явуулбал зах зээлд нь бүтээгдэхүүнээ түргэн шуурхай нийлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа 2016.12.31-ний өдөр дуусаж байгаатай холбогдуулан хугацааг сунгах талаар саналыг хэлэлцсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, уг ажлын төлөвлөгөөг батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ