МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжив
2016.11.29
Зам, Тээвэр

Байнгын хорооны тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжив

Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаниудад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд зургаан чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг тусгасан байлаа. Тухайлбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх, төмөр замын дэр модыг бетонноор бүрэн солих хүртэлх хугацаанд /10жил/ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дэр мод үйлдвэрлэхэд зориулсан мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 2017 онд нэг удаа 10 мянган тоннн вагоны хаягдал хар төмрийг экспортлох чиглэлээр 2005 оны УИХ-ын 46 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүдийн хувьд төмөр замд чиглэл өгөхдөө зөвхөн хоёрхон байгууллагыг онцолсныг өрөөсгөл гэж байсны зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийн талаар илүүтэй сонирхож байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн хуралдаанаар төмөр замын хэмжээнд тулгамдсан асуудалд нэн яаралтай шийдэх асуудлуудад чиглэл өгөхөөр тохирсон. Тиймээс тогтоолын төсөл хоёр байгууллагаруу чиглэсэн юм. Онцгой албан татвараас чөлөөлөх хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ. Гэхдээ энэ хүртлэх хугацаанд 2016 оны хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд импортын дизель түлшний асуудалд 36 тэрбумын өр үүссэн байна. Үүнийг шийдэх санхүүгийн боломж тус нийгэмлэгт байхгүй учир тусгайлсан чиглэл оруулсан гэж байлаа. 

Дараа нь байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Гишүүдийн хувьд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч найруулгын хувьд засч, сайжруулах асуудал байгааг ажлын хэсгийнхэнд анхаарууллаа.

ШИНЭ МЭДЭЭ