Б.Алтантуяа: Бид төр, төрийн албан тушаалтны хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хууль бус үйлдэл, гэмт хэрэг дээр ажилладаг
Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2017.02.23
Хүний эрх

Б.Алтантуяа: Бид төр, төрийн албан тушаалтны хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хууль бус үйлдэл, гэмт хэрэг дээр ажилладаг

Эмнести Интернэшнл байгууллагаас "Дэлхий дахины хүний эрхийн нөхцөл байдал 2016/17" тайлангаас Монгол Улсын талаар гаргасан хэсгийг онцлон тус байгууллагын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас хэдэн зүйл тодрууллаа.  

Монгол Улсын талаар гаргасан тайланг Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гаргаж, төв байгууллагадаа илгээв үү? Эсвэл олон улсын хамтарсан баг ажиллав уу?

Эмнести Интернэшнл байгууллагын уг тайланг зөвхөн дан ганц улсын судлаачид гаргадаггүй. Жил бүрийн тайланг гаргахдаа дэлхийн 150 гаруй улсад салбартай Эмнести Интернэшнл байгууллагын судлаач, шинжээчдийн баг ажилладаг. Лондон хотод 300 гаруй судлаачтай судалгааны төв, бүс нутгийн төв бий.

Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайланг Монгол Улс, бүс нутгийн болон судалгааны төвийн судлаач, шинжээчид хамтран гаргасан.

Ялангуяа орон байртай байх эрх хэр зөрчигдөж байгааг судлахад бүс нутгаас 4, олон улсын судалгааны төвөөс 10 гаруй, Монгол Улсаас манай байгууллагын Хуульчдын бүлгийн судлаачид гээд маш өргөн бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажилласан.

Орон байртай байх, хүний эрхийн хамгаалагч, эрүү шүүлт ба бусад зүй бус хандлага гэсэн гурван асуудлыг хөнджээ. Эдгээр асуудлыг ямар шалгуураар гаргаж тавив?

Энэ гурван асуудлыг яагаад онцолсон бэ гэдэг нь тун сонирхолтой. Яагаад гэвэл Эмнести Интернэшнл байгууллагын бүс нутгийн судлаачид Монгол Улсад ирж, улстөрчид, иргэний нийгмийн байгууллагынхан, иргэдтэй уулзалт хийсэн. Баримт нотолгоо, эх сурвалжийн мэдээлэл, судалгаанд үндэслэн энэ гурван асуудлыг тайландаа тусгах нь зөв гэж үзсэн.

Эдгээрээс гадна бусад хүний эрхийн зөрчлийг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай давхцуулахгүй байх үүднээс тайландаа тусгаагүй болно.

Ер нь Эмнести Интернэшнл байгууллага нь хүний эрхийн нийтлэг зөрчлүүд дээр ажилладаг хэлж болно. Гэхдээ эрсдэлд буй хувь хүн буюу үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдох, цаазлагдах эсвэл эрүүдэн шүүлтэд өртсөн, хил дээрээс буцаагдахаар болсон дүрвэгчид гэх зэрэг амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй хүмүүсийн хувь хэрэг дээр ажилладаг.

Тухайн хэргийг судлаад уг хэргийг төр, засаг санаатайгаар үйлдэж байна гэж үзвэл олон улсын хамтарсан баг гарч ажилладаг юм. Хүний эрхийн хамгаалал хүссэн хүн, түүний ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд хэн ч манай байгууллагад хандах боломжтой.

Харин хүний нөөц, санхүү зэрэг олон асуудлаас болж, хүний эрхийн зөрчил болгон дээр ажиллах боломж хязгаарлагдмал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бид тухайн хүнд тусласнаар түүнтэй адил өөр хэдэн хүнд тусалж болохыг гол шалгуураа болгосны үндсэн дээр хүний эрхийн зөрчил дээр ажилладаг.

Өмнөх парламентын баталсан цаазаар авах ялыг халсан Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг тайланд онцолжээ. Гэтэл Монгол Улс цаазын ялгүй улс гэдэг. Цаазын ялгүй улс гэдэг мөртлөө одоо хэр нь хуульдаа тусгаагүй байсан гэсэн үг үү? Үүнийг юу гэж ойлгох вэ?

Эрүүгийн шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан боловч нэг ч хүнд цаазаар авах ял оноогоогүй гэсэн тайлбарыг холбогдох яам, тамгын газраас бидэнд тайлбар ирүүлсэн.

Гэхдээ хуулийн хийдэл дунд хэнд ч цаазын ял оноохгүй байхад анхаарах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр тайлангийнхаа эхний хэсэгт дурдаж өгсөн.

Тайланд хүний эрхийн хамгаалагчдыг төр гэмт этгээдийн халдлага, заналхийллээс хамгаалж чадсангүй гээд Т.Лхагвасүмбэрэлийн талаар дурджээ. Энэ нь зөвхөн нэг хүн дээр тулгуурласан дүгнэлт үү эсвэл өөр бусад хэд хэдэн жишээ баримт дээр тулгуурлаж ийм дүгнэлт хийв үү?

Хүний эрхийн төлөө дуугарч буй хүмүүс хамгаалагддаггүй. Заавал төрийн албан тушаалтан гэлтгүй хувь хүмүүс ч тэдэнд зүй бусаар хандсан тохиолдол өнгөрсөн онд хэд хэдэн удаа гарсан.

Тэр дундаа иргэний нийгмийн байгууллагынханд ингэж хандсан байдаг. Тиймээс энэ бүхэнд санаа зовниж, ер нь хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах ёстой гэдэг утгаар нь уг тайландаа оруулсан.

Энэ тайланг гаргахад дэлхийн улс орнуудын эрх баригчдаас ямар нэгэн шахалт дарамт үзүүлсэн үү?

Тайланг гаргахад эрх баригчид, улстөрчдөөс ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй.  

ШИНЭ МЭДЭЭ