МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дотоод хэргийн Их сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2019.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дотоод хэргийн Их сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар болон бусад хүндэт зочид оролцож, оюутан залуустаа хандан хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ.

ДХИС-ийн   хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ,  

“85 жилийн түүхтэй энэ сургуулийн үе үеийн төгсөгчид, ард түмнийхээ амар амгалан, эрүүл аюулгүй сайхан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, улс орноо эмх цэгцтэй, дэг журамтай байлгах, хариуцлагатай нэр төртэй албанд хүчин зүтгэж, бахархам амжилтыг бүтээж ирсэн билээ.  Хүссэн хүн бүр элсэн суралцахад босго  шалгуур өндөртэй их сургуулийг сонгож, хамгийн чухал хариуцлагатай албанд зүтгэж, хувь нэмрээ оруулахаар элссэн нийт сонсогч, оюутан дүү нараараа бахархаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын  чиглэлээр туссан зорилтуудыг  амжилттай хэрэгжүүлж мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлооход их, дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, судалгааны үр өгөөжийг сайжруулан, үр дүнг нь зах зээлийн эргэлтэд оруулж, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох дэлхийн зах зээлд гаргаж улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно.

 Мөн сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн, төгсөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил хандлагыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүй, орчинг сайжруулах үнэлгээний аргачлалыг өөрчлөн үр дүнгээ тасралтгүй хянаж, чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ.

Оюутны нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох, эрх зүйн орчин нөхцлийг бүрдүүлж, сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэл бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авдаг, тав тухтай орчинд сурч амьдрах орчин нөхцлийг бүрдлүүлэх бодлого баримтлаж байна ” хэмээн онцлов.

Энэ хичээлийн жилд тус Их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуульд 90, Удирдлагын академид 64, Цагдаагийн сургуульд 196, Хилийн албаны сургуульд 58, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд 33, Онцгой байдлын сургуульд 33, Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд 107, Ахлах сургуульд 79, нийт 660 суралцагч элсэн орж, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэн суралцахаар жигдрэн жагссан байна.

ШИНЭ МЭДЭЭ