МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын радиогийн 85 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ
2019.09.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын радиогийн 85 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна. Мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон түмэнд улс орон даяар түгээж ирсэн тус радиогийн үе үеийн уран бүтээлчид хуран чуулж, баяраа тэмдэглэлээ. Ойн арга хэмжээг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг мэндчилгээ дэвшүүллээ. 

Баярын арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэндчилгээг уламжилсан юм.

Мэндчилгээнд:

“Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг үүсч, үндэсний мэдээллийн ууган хэрэгсэл Монголын радио байгуулагдсан түүхт 85 жилийн ойн баярын мэндийг нийт уран бүтээлч, инженер техникийн ажилтан Та бүхэнд дэвшүүлье. Монголын радио байгуулагдсан цагаасаа ард түмнийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хөтөлбөрийн бодлогоо зориулсаар ирсэн билээ. Тийм ч болохоор Монголын радио бол соёл урлагийг дэмжигч, соёлын өвийг тээгч, түгээн дэлгэрүүлэгч билээ. 1939 онд “Цэнд комиссар” дуулалт жүжгийг эфирийн студиэс шууд дамжуулснаас эхлээд ардын авьяастнуудын үе дамжин өвлүүлсэн нутаг нутгийн уртын дуу, ардын дуу, исгэрээ, хөөмэй, туульс, үлгэр зэрэг биет бус соёлын өвийг хойч үедээ хадгалж авч үлдсэн мөнхийн гавьяа бол Монголын радиод ажиллаж байсан үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн хичээл зүтгэл гэдгийг онцлон тэмдэглэж, тусгайлан баяр хүргэж байна.

Монголын радио 85 жилийн турш хөтөлбөрийнхөө бодлогын цөмд сургууль боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, их спортын сэдвийг та бүхэн тасралтгүй авч явсан бөгөөд үүгээрээ манай салбарын хувьд мэдээллийн чухал хамтрагч, оролцогч байж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Цаашид Монголын радио нийгэмд шударга ёс, бүтээлч чанар, гоо сайхныг түгээх, соён гэгээрүүлэх үйл хэрэгтээ ямагт манлайлагч байж, монголчуудынхаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, их спортын салбар дахь үнэт зүйлийг түүчээлэн тээгч нь байсаар байна гэдэгт итгэлтэй байна. Монгол түмний оюуны соёлын их өвийг тээгч, түгээн дэлгэрүүлэгч, хадгалагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хамт олон Та бүхэндээ уран бүтээлийн их амжилт хүсэн ерөөе” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ