МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 170 хүүхэд шинэ цэцэрлэгтээ ирлээ
2019.09.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 170 хүүхэд шинэ цэцэрлэгтээ ирлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 260 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилга, Канадын иргэн Жулие Велогийн үүсгэн байгуулсан “Жулие Вело” сангийн хөрөнгөөр баригдсан 260 дугаар цэцэрлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард ашиглалтад орсноор хотын төвөөс алслагдсан тус хорооны 170 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдээд байгаа юм. 

Цэцэрлэгийн нээлтэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, "Хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлэхийн тулд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 2023 нэр төрлийн 25.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ цэцэрлэгт нийлүүллээ. Цэцэрлэг барьж байгуулах сайн үйлсийг санаачилсан, сэтгэл гарган бүтээсэн хүн бүхэнд баяр талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Энэ бол Засгийн газраас бага насны хүүхдийн хөгжил, бага насны хүүхэдтэй гэр бүлийн нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагийн нэг жишээ бөгөөд 2019 онд улсын хэмжээнд 93 цэцэрлэг ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамтран сургалт 88.1 хувьд хүрч, багш ажилтны албан тушаалын зэрэглэл өсч, цалин нэмэгдсэн, сургалтын хөтөлбөрөө сайжруулсан, цэцэрлэгийн 1081 багш ажилтнаа сургасан зэрэг амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Айл бүр айл бүрийн хүүхэд бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ