МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Сурагчдад урам өглөө
2019.09.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

​Сурагчдад урам өглөө

Хичээлийн эхний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хороо буюу Улаан чулуут орчмын хүүхдүүдэд албан бус боловсрол олгодог “Харилцааны үзүүр” ТББ-ын харьяа сургалтын төвөөр зочиллоо. 

Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан болон сургуульд хамрагдах боломжгүй 200 шахам хүүхэд энд төрөл бүрийн албан бус сургалтад хамрагдаж байна. Амьдралын боломж тааруу эдгээр хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллээс эхлээд хатуу ширүүн нөхцөлд амьдардаг болохыг багш нар ярилаа. Тиймдээ зөв хүн болгон төлөвшүүлэх алхмыг урлагаар дамжуулан олгохыг зорьдог байна. Тухайлбал, энд морин хуур, шанз, ятга зэрэг хөгжмийг хүүхдүүд тоглож сурчээ. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тус төвийн сурагчдад хандан, “Энхрий хөөрхөн дүү нар минь та нар хэзээ ч битгий амьдралынхаа нөхцөл байдлаас ичиж, шаналж, шантраарай. Хичээлээ таслахгүй байх нь маш чухал шүү. Та нар зураг зурж, хөгжим тоглож, хичээл номдоо шамдан суралцаж байгаад баяртай байна. Сурах нөхцөл боломжоор хангахын тулд яамны ах эгч нар нь хичээн ажиллах болно. Юун түрүүнд хичээлийн хэрэгсэл, ширээ сандал, дүрэмт хувцас зэрэг шаардлагатай зүйлсийг шийдвэрлэж өгнө” хэмээн урам өгөөд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэлээ. 

Тус төв хоёр танхим бүхий хичээлийн нэг байр, хүүхдийг хамгаалах зориулалт бүхий нэг байр, хоёр монгол гэр, номын сан, ээжүүдэд зориулсан оёдол эсгүүрийн сургалтын төвийн зориулалт бүхий нэг байшин, халуун усны газар зэргийг өөрсдийн хүч боломжоор босгожээ. JCI Импакт салбар байгууллага БСШУСЯ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургалтын төвийн хүүхдүүдэд зориулан биеийн тамирын талбайг байгуулан өгсөн байна. Тун удахгүй зэргэлдээ хашаандаа урлагийн заалтай болохыг зорьж байгаа юм байна.

ШИНЭ МЭДЭЭ