МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн Паралимпийн хорооны гүйцэтгэх захирал Тарек Соуейг хүлээн авч уулзлаа
2019.09.13
Гадаад харилцаа

Азийн Паралимпийн хорооны гүйцэтгэх захирал Тарек Соуейг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Азийн Паралимпийн хорооны гүйцэтгэх захирал Тарек Соуейг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Есдүгээр сарын 14 нд анх удаагаа тэмдэглэх гэж байгаа Монголын Үндэсний Паралимпийн өдрийн үйл ажиллагаанд оролцохоор БСШУС-ын сайдын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. 

Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Биеийн тамир, спортын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир, спортын үйл ажиллагааг тодорхой чиглэлээр хуульчилж өгсөн. Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортод татан оролцуулах, тэдний амьдралын зөв дадал хэвшилд сургах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор пара спортын 7 төрөлд үндэсний шигшээ багийг байгуулан төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үндэсний хэмжээний спортын наадмуудын хөтөлбөрт пара спортын төрлүүдийг тогтмол оруулдаг болсон. Монгол Улсын хэмжээнд пара спортын 17 төрлийн холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 

Төрөөс тодорхой арга хэмжээг авч байгаа ч Паралимпийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, спортын эмч, хөдөлгөөн засалч мэргэжилтэн бэлтгэх, спортын сэтгэл судлаач бэлтгэх, тэдгээрийн мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай тэрээр танилцуулж, Азийн Паралимпийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Тарек Соуей, Хөгжингүй улс орнуудтай харьцуулахад Монгол Улс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг адил түвшинд хөгжүүлэх, үнэлэх бодлогыг сайн хэрэгжүүлэн ажиллаж байгааг сайшааж, цаашид дэмжин ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ