МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо
2019.09.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ЮНЕСКО -н Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн К.Холмс, “Лийдс” их сургуулийн профессор Кэролайн Сюзан Дайер болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. 2018 оны 4 дүгээр сараас эхлэн ЮНЕСКО нь Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Боловсролын хүрээлэнг шаардлагатай мэдээллээ хүргүүлснийг үндэслэн Монгол Улсын Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайланг яаманд ирүүлээд байна.

Энэхүү тойм шинжилгээг боловсруулсан ЮНЕСКО-н төлөөлөгчид Монгол Улсад 2019 оны 9 сарын 23-27ний өдрүүдэд ажиллаж урьдчилсан тайлан болон тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн талаар холбогдох салбарын төлөөлөлтэй уулзан санал солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Энэ тухайгаа Төрийн нарийн бичгийн даргад танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, "Яамнаас энэ онд дэвшүүлсэн гурван том зорилтын нэг нь Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл юм. Салбарын эрх зүйн шинэчлэлийг сайжруулах ажлын хүрээнд боловсролын багц хуулийг шинэчлэх, мастер төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлуудыг хийж байна. Эдгээр ажилд та бүхний хийсэн судалгааны үр дүн их чухал. Манай яамнаас салбарын бодлогын судалгаанаас гадна олон улсын эрх зүйн харьцуулсан судалгаа, судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, мастер төлөвлөгөөний төсөл боловсруулах зэрэгт олон улсын зөвлөхүүд ажиллаж байгаа. Энэ зөвлөхүүд хамтран ажиллах, санал солилцох хэрэгтэй байна. Учир нь бид бүгд боловсролын салбарыг хөгжүүлэх, сайн сайхан болгох, зөв бодолтой, зөв хууль, дүрэм журамтай, хүүхдэд ээлтэй орчинтой болгохыг зорин ажиллаж байна.

Өчигдрөөс эхлэн НҮБ-аас боловсролын 2050 зорилтыг хэлэлцэж эхэллээ. Дэлхий боловсролын ирээдүйн зорилтоо 2050 он хүртэлхээр төсөөлж төлөвлөж байна. Бид үүнтэй хөл нийлүүлэх хэрэгтэй, манай улс тогтвортой хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хөгжлийн бодлогоо 2045 он хүртэлхээр төсөөлж төлөвлөж эхэлсэн.

Дэлхий нийтийн боловсролын бодлого, хөгжлийг харахад иргэний насан туршийн боловсролын асуудал илүү анхаарал татсан асуудал болж байна. Иймд та бүхэн энэ судалгааны ажил, зөвлөмжөө илүү сайжруулан, яамны боловсролын бодлогын газруудад танилцуулж, Боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах нь зүйтэй" хэмээн зөвлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ