МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БСШУСЯ-ны “ЧКА” өдөрлөг
2019.09.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БСШУСЯ-ны “ЧКА” өдөрлөг

Эх сурвалж: Өглөөний сонин, сэтгүүлч Ө.Уранзаяа

Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг энэ сарын 27-нд амжилттай болж өндөрлөлөө.

Монгол төрийн үндэсний их найрал, симфони найрал хөгжимчид, Морин хуурын чуулгын уран бүтээлчид Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим “Сэрсэн тал” аялгууг Чингис хааны хөшөөний урд эгшиглүүлж тус өдөрлөгийн албан ёсны нээлт ийнхүү эхлэв. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээлтийн үеэр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1500 цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, 80 гаруй их, дээд сургуулийн 90 мянган багш ажилчид 1.1 сая хүүхэд багачуудад боловсрол олгож байна. Соёл урлагийн 780 байгууллагад 7140 ажилтан  ажиллаж, жилд давхардсан тоогоор нийт таван сая гаруй иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн шинжлэх ухааны салбарт 4500 гаруй хүн ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа бүтээн туурвиж байна. Спортын салбарт төрийн 32 байгууллага, 70 гаруй спорт холбоод, 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж, 4300 гаруй салбарын тамирчид, ажилтан албан хаагчид ажиллаж байна. Манай улсын нийт төрийн албан хаагчдын 54 хувь буюу 105 мянган албан хаагчид Монгол Улсынхаа иргэдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлчилгээ үзүүлж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, иргэддээ эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлж, ард олныг соён гэгээрүүлэх ажлыг чинхүү сэтгэлээр хийж гүйцэтгэж байна. Энэ чухал салбарт Монгол Улсын Засгийн газраас үеийн үед байнга анхаарч, ард иргэдийнхээ боловсролын асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч ирсний нэг тод жишээ бол жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувь, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг энэ салбарт хуваарилж ирснээр харагдана” хэмээв.


3000 ГАРУЙ ИРГЭД ТӨВ ТАЛБАЙД ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХИЙВ

Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт оюутан залуус болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, харьяа байгууллагуудын албан хаагчид зэрэг нийт 3000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын их сургуулийн багш нар удирдан 16 тоот дасгал болон, хийн дасгал хийсэн бол JCI Монгол байгууллагатай хамтран “Эртэч Монгол” төслийн хүрээнд залуусын эв нэгдлийн илэрхийлэл болох Флаш моб бүжгийн арга хэмжээг монгол үндэсний бий биелгээ зохион байгуулснаараа онцлог боллоо. Дасгалын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оюутан залууст зөв хандлагатай, эрүүл чийрэг, бүтээлч байхыг уриалж, бүх нийтийн дасгалын арга хэмжээнд эртлэн ирсэнд талархал илэрхийлэв.

Бүх нийтийг биеийн тамир спортод уриалах зорилготой нээлттэй өдөрлөг өдрийн турш аэробик, спининг, туялзуур сэлэм, дугуйн ролик зэрэг спортын төрлөөр тоглолт үзүүлсэн билээ. Сүхбаатарын талбайд цугларсан иргэд Үндэсний спорт, гранд гольф зэрэг спортоор өөрийгөө сорьж, хөгжөөнт тэмцээн, урамшуулалт худалдаанд оролцон Токио 2020 олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон спортын хувцасны загвартай танилцаж санал бодлоо хуваалцаж байлаа. Мөн тамирчдад үйлчилдэг биеийн бүтэц, илүүдэл жингийн индекс тодорхойлох, бие бялдрын хөгжлийн сорилын үзүүлэлтээр оношилгоо хийх, дээд, доод үе мөчний ажиллах чадвар тодорхойлох зэрэг таван төрлийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр иргэдэд нээлттэй үйлчилж байв.


Нээлттэй өдөрлөгт оролцож буй иргэн Ө.Ганбат “Олон төрлийн арга хэмжээг зэрэг агуулсан иргэдэд хүртээмжтэй өдөрлөг болж байна. Соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, боловсрол гээд хүн болгонд хэрэгтэй мэдээллийг нь бүрэн өгөхүйц өдөрлөг болж байна” гэж байлаа. Харин иргэн Л.Отгонжаргал “Анх удаа нээлттэй өдөрлөгт оролцож байна. Монгол Улс дэлхийн жишгээр хөгжингүй орон болоход ойрхон байна гэж харлаа. Бидэнд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх олон боломж байна. Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаас газар дээр нь шийдвэрлэж байгаа нь их таалагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Харин тавдугаар ангийн сурагч Б.Эгшиглэн “Үзүүлбэртэй, тоглолттой гоё өдөрлөг болж байна. Хичээлээ тараад шууд наашаа ирсэн. Би 29 дүгээр асраас ирж байна. Энэ асарт Бичил хүүхэлдэйн театрын “Алтан загасны үлгэр”, “Болдоггүй бор өвгөн” гээд үлгэрүүдийг үзсэн. Мөн оньсон тоглоом тоглосон” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн билээ.

Түүнчлэн Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын Үнэлгээний төв, Их дээд сургуулиудын консорциум, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт иргэдэд мэдээлэл өгч байлаа. Мөн энэ үеэр үзүүлэх онцлог үйлчилгээний нэг нь Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сан чирэгдэлгүй газар дээр нь шийдвэрлэж байв. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхдийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цайны шим тэжээлийн талаар сургууль, цэцэрлэгийн тогооч нар танилцуулж байсан юм.

Нээлттэй өдөрлөгийн үеэр шинжлэх ухааны 36 байгууллагын судалгаа шинжилгээний 250 гаруй инновацын шилдэг бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Мөн мини одон орон судлалын өргөөнд зочилж, сансар огторгуйгаар аялах боломжийг шинжлэх ухааны салбарынхан олгосон нь олны сонирхлыг татаж байсан билээ. Энэ өдөр Сүх жанжны талбайд хуран цугласан иргэдийн зүгээс сүүлийн хэд хоногт гарсан өдөрлөгүүдээс хамгийн “ЧКА” нь БСШУС-ын яамных байлаа хэмээн ярьцгааж байлаа. Үнэхээр үзэх зүйлс ихтэй том салбарын өдөрлөг ямар болдгийг тэд харуулж өгсөн юм.

Театр урлагийн байгууллагууд урлагийн тоглолт, нийтийн бүжиг наадам, хүүхэлдэйн театрын тоглолт, театруудын мэндчилгээ гээд урлаг соёлын үйл ажиллагааг нэгэн дор цогцлоосон өдөрлөг болж өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ