МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар боллоо
2019.10.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар боллоо

Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага үүсэж хөгжсөн 90 гаруй жилийн хугацаанд хүүхдийн цэцэрлэгээс ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан 13  гавьяат багш төрж гарсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролоос төрөн гарсан гавьяат багш нартай уулзлаа.

Гавьяат багш нарт хандан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлсэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд 93 цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ “Залуу багш ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүүхдэд хайртай багш байхад Та бүхний үнэтэй зөвлөгөө, туршлага чухал юм. Та бүхэнтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.  

Монгол улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1480 байгууллагад 16,8 мянган багш, арга зүйч, эрхлэгч ажиллаж байна. Жил бүр хүүхдийн цэцэрлэгийн тоо нэмэгдэж, түүнд ажиллах багш ажилтны тоо өсөж байна.

Гавьяат багш нар цэцэрлэгийн багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна чанарыг орхигдуулахгүй байх, нэг бүлэгт байх хүүхдийн тоог багасгах, орон сууцны хороолол барьж байгуулахдаа сургууль цэцэрлэгийг хамт барьж ашиглалтад оруулдаг байх зэрэг багшийн чанар, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, аюулгүй байдал зэрэг олон үнэтэй саналуудыг хөндөж ярилцлаа.

Гавьяат багш нар Залуу багш нарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ