Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэв
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна. Дэлхий дахинаа боловсролын чиг хандлага, сургалтын арга, агуулга, суралцах орчны хувьд хурдтай өөрчлөгдөж, мэдээлэл харилцааны технологийн тусламжтай сурах боломжууд ихээр нэмэгдсэн өнөө үед иргэдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай боловсрол эзэмшүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шинэ хандлагаар авч үзэх хэрэгцээ үүсч байна.
Энэ хэрэгцээнд тохирсон эрх зүйн орчин бүрдүүлэхээр Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулж, холбогдох байгууллага, олон нийтээс санал авах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Үүний нэг нь өнөөдөр БСШУСЯ-ны харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудын удирдлага, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын байгууллага, багш нарын төлөөлөлд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүллээ.
Жишээ нь тус үзэл баримтлалд нэг цогц боловсролын хуультай байх, сургалтын хөтөлбөр агуулгыг зөвхөн Боловсролын хуулиар зохицуулж байх нь оновчтой гэж үзэн тусгажээ. Учир нь боловсролын салбарын гол хуулиудаас гадна 50 хуулийн 270 гаруй зүйл заалтаар сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын харилцааг зохицуулж байна. Тухайлбал, салбарын бус 17 хуулиар зөвхөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг хуульчилсан байдаг байна.
Энэ мэт эрх зүйн орчны хувьд засаж сайжруулах шаардлагатай олон асуудлуудыг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгажээ. Боловсролын тогтолцоо, боловсрол эзэмших арга хэлбэр, сургалтын байгууллагын хэв шинжийг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх, Багш бэлтгэх, багшийн хөгжил хамгааллыг сайжруулах, Суралцагчийн эрх, баталгааг хангахтай холбоотой үзэл баримтлалд тусгасан асуудлаар хэлэлцүүлгийн үеэр асуулт хариулт өрнүүлж, оролцогчид саналаа хэллээ.