МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Унгар Улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ
2019.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Унгар Улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пакси Томашич, Унгарт суралцуулах тэтгэлгийн хорооны хэлтсийн дарга Габор Добос нартай уулзлаа.

Монгол Улс Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохионо. Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, манай хоёр улс өнгөрсөн хугацаанд ах дүүсийн харилцаатай, ялангуяа соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт нягт үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод 2018-2021 онуудад боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулж жил бүр 200 монгол оюутан Унгарын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр монгол оюутнууд Унгар улсад хэрхэн суралцаж байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Унгарын засгийн газраас олгосон оюутан суралцуулах квотыг бүрэн ашиглах тал дээр анхаарч, тэнцсэн хүүхдүүддээ хичээн суралцахыг захиж, чанартай боловсрол олж авахад нь тусалж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдэх болсон.

Тиймээс ирэх онд тохиох Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал уламжиллаа.

Энэ асуудлыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхээ Унгарын тал илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ