2020.08.18
Улстөр
Х.Булгантуяа: Хөгжлийн бодлогын төлөвлөлтийг урт хугацаанд гаргах нь маш чухал
УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2020.08.18/ хуралдаж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
“Хөгжлийн бодлого төлөвлөлтийг урт хугацаагаар гаргадаг болсон нь сүүлийн хэдэн жилд хийсэн бидний давуу тал. Өмнө нь үндсэн чиглэлтйг нэг жилээр гаргадаг байсан. Цаашид нэг нэг жилээр төсвийн тухай хуулийн өмнө оруулдаг энэ байдал үргэлжлэх үү?
Үзүүлэлтүүдийг богино хугацаанд гаргаад дүр зургийг гаргаж чадахгүй. Сүүлийн 20 жилд ядуурал ажил гүйдэл нэмэгдээд хэдэн онд өссөн, буурсан. Аль засгийн үед ямар шалтгаанаар өссөн, буурсан гэдгийг том зургаар нь хармаар байна. Дээрээс нь энэ үзүүлэлтийг олон нийт ч хараад хяналтаа тавьдаг баймаар байна.
Монгол Улсын хөгжлийг зөвхөн ДНБ-ээр бус урт хугацааны том үзүүлэлтүүдийг хардаг болмоор байна. Австрали улс хүн ам, бүтээмжээр, оролцоогоор хөгжлийн үзүүлэлтээ хардаг. Бид өнөөдрийн ганц нэг тоо хармааргүй байна.
Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хангалтгүй туссан байна. Монгол Улсын хүн амын тал нь энд амьдарч байна. Утааг бууруулсан байна. Энд тусгаснаар шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 5 жилд 1% байна гэж заасан байна. 330 мянган хүн л гэсэн үг. Энэ хангалтгүй тоо. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр 150,000 айлыг орон сууцаар хангана гэхээр 1 өрхөд 3 хүн бий гэж тооцоод 450,000 хүн боловсон 00-той болох юм. Энэ алдаа юу? анхаарч хараарай.
Үзүүлэлтүүд дээр жендер, насны үзүүлэлтийг нэмээрэй. Ядуурал дээр жишээ нь хүүхдийн ядуурал ямар байгаа вэ? Дундаж дунджаас доош орлоготой айлд амьдарч байгаа хүүхдүүдийн ядуурал ямар байгааг хармаар байна. Ахмадуудын ядуурал өндөр байвал манай тэтгэвэр, халамжийн бодлого болохгүй байгааг илэрхийлнэ. Насны хишиг хангалттай үр дүнд хүрэхгүй байна гэсэн үг. Жендер гэдэг дээр ганцхан үзүүлэлт байна. Гэтэл манай улсын ажиллах хүчний оролцооны түвшин дээр ажиллах хүчний эмэгтэйчүүдийн 53,4 хувь нь ажил хийж байна. Эрэгтэйчүүдийн 69,5% байна. Сүүлийн 10 гаруй жил эмэгтэйчүүдийн ажиллах хүчний насны оролцооны түвшин 10 орчим пунктээр буурсан байна. 130 сая орчим хүн амтай Япон улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буураад байна гээд сандарч байхад 3 сая гаруй хүн амтай монгол улс энэ түвшинг авч үзэхгүй, болохгүй бол гаднаас ажиллах хүч авна гээд сууж байж болохгүй.
Өмч хувьчлал дээр өндөр ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна. Эдийн засаг ийм хүнд байгаа үед эдгээрийг хөдөлгөхгүй бол улсын төсөвт тус нэмэр болдоггүй эдгээр ААН-үүдээ чирээд яваад байх юм уу?”
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.