https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна
2021.11.15
Хууль, эрх зүй

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна

Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн боловсролын багц хуулийн төсөл тус бүрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд Улсын Их Хурлын даргын 2021.07.27-ны өдрийн захирамжаар томилогдон, ажлаа явуулж байна. Тухайлбал, өнөөдөр (2021.11.12) Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Сургуулийн өмнөх боловсрол” сэдвээр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар үг хэлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлсэн үгэндээ боловсролын салбарын шинэчлэл болон сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны талаар хөндөхийн зэрэгцээ аль болох бүх оролцогч талын саналыг сонсохын тулд хэлэлцүүлгүүд зохион байгуулж буйг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа цэцэрлэгийн багшаар ажиллаж байсны хувьд цэцэрлэгийн багшийн ажил ямар хүнд гэдгийг сайн мэднэ гээд ажлын хэсгийн гишүүний хувьд сургуулийн өмнөх боловсролд онцгойлон ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв. Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг танилцууллаа.

Үүний дараа хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилчид, эцэг эх, ахмад багш нарын төлөөлөл, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын төлөөлөл хуулийн төсөлд тусгах саналаа хэлж, асуулт асуув. Оролцогчдын асуултад Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар хариулт өглөө.

Оролцогчдоос цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцагчдыг шилж, сонгон бэлтгэх, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд эцэг эхийн хяналт, үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, боловсролын чанартай холбоотойгоор нэг багшид оногдох хүүхдийн тоог тодорхой зааж өгөх, яслийн бүлэг нээх зэрэг өргөн хүрээтэй санал гаргажээ.

ШИНЭ МЭДЭЭ