МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Ганибал: Эрх мэдэл бүхий цөөхөн хүн улс төрийн нэр хүндээ өсгөх зорилгоор улсын төсвийг хуваарилж байгаа нь эмгэнэл
2020.11.12
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Эрх мэдэл бүхий цөөхөн хүн улс төрийн нэр хүндээ өсгөх зорилгоор улсын төсвийг хуваарилж байгаа нь эмгэнэл

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Засгийн газар зөвхөн хот суурин газрын хүн амын хэрэгцээнд нийцүүлэн махны үнийг барих бодлого баримталмааргүй байна.
-Та УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна. Гишүүний тангаргаа өргөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хууль тогтоох дээд байгууллага эрх зүйн чадамжийн хувьд хэр тогтвортой ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засагтай холбоотой олон асуудлыг УИХ хэлэлцлээ. Тодруулбал, анхдугаар чуулганы дараа ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийсэн. Одоо намрын ээлжит чуулганаар 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Түүнчлэн, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэл зэрэг улс орны богино болон дунд хугацааны чухал шийдвэрүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.

Манайх парламентын засаглалтай улс учраас Их хурал өндөр чадамжтай, дархлаатай байх ёстой гэж үздэг. Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн зарим эрх мэдэл Засгийн газарт шилжсэн. Ийм цаг үед УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй гишүүний хувьд одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, Ерөнхий сайдаас асуулга асуух, мэдээлэл авах, холбогдох чиглэлээр байр сууриа илэрхийлэх зэргээр ажиллаж байна.

-Ирэх оны төсөв дээр анхаарал татаж байгаа нэг асуудал бол орон нутгийн төсвийн хуваарилалт. Аймгуудын төсвийн дүн хоорондоо маш их зөрүүтэй байгаа. Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалтууд хэр тусгагдав?

-Манай аймаг төсвийн хуваарилалтаараа 21 аймгаас эхний зургаад орж байгаа. Төсвийн хуваарилалтыг нийт хөрөнгө оруулалт, урсгал зардал, он дамжсан хөрөнгө оруулалтын ажил зэргийг харгалзан дүнг нь гаргадаг. Гэтэл зарим өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүсийн сонгогдсон тойрогт хэт өндөр төсөв хуваарилах явдал байна. Уг нь төсөв тэгш хүртээмжтэй бөгөөд өндөр үр өгөөжтэй байх ёстой. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалт нь тэгш хүртээмжтэй байвал бид сайн төсөв болжээ гэж дүгнэж болно. Гэтэл ийм зарчим алга. Тухайлбал, Ерөнхий сайд, Сангийн сайд нарын сонгогдсон тойргуудад хамгийн өндөр төсвийг хуваарилах жишээтэй.

Энэ нь төсвийн үр ашиг бага байгаад байгаагийн нэг шалтгаан болж байна. Уг нь үйлдвэрлэлийн бодлогыг дэмжсэн төсөвтэй байх тохиолдолд бид бүтээгдэхүүн үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ орлого олно. Харин эрх мэдэл бүхий цөөхөн хүн Их хуралд дахин сонгогдох, улс төрийн нэр хүндээ өсгөх зорилгоор улсын төсвийг хуваарилж байгаа нь Монгол Улсын эмгэнэл болоод байна. Шууд хэлэхэд, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой. Хэн үйлдвэрлэж байна, тэр ашгаа авч чаддаг зарчим хэрэгтэй байна. Өмнөговь аймгаас олсон орлогыг Увс аймгийн сумын Соёлын төв болгож байгаа нь шударга биш юм.

-Ардчилсан нам УИХ-д сөрөг хүчин болж байгаагийн хувьд энэ бүхэнд хяналт тавих ёстой. Хүчтэй сөрөг хүчин байж чадах байна уу?

-Ардчилсан нам УИХ-д 11-үүлээ сонгогдож бүлэг байгуулсан. Бүлэг цөөхөн гишүүнтэй байсан ч үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг байх хэрэгтэй. Бид төсвийн хувьд тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэн.

-Өнгөрсөн долоо хоногт үнийн хөөрөгдлийн асуудлаар танай намынхан чуулганы танхимын үүдэнд үнийн харьцуулалт хийж акц зохион байгуулсан. Энэ акц үр дүнтэй байж чадсан уу. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Сөрөг хүчний хувьд бид үүнийг иргэдэд мэдээлэх үүрэгтэй. Эрх баригчид бүх зүйл сайн сайхан байна гэж мэдээлж байгаа. Гэвч бодит байдал дээр Монгол Улс маш их хэмжээний өртэй, эдийн засгийн асуудал ихтэй байна.

-Энэ өрийг Ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа тавьсан шүү дээ?

-Чингис бондын өрийг Ардчилсан нам тавьсан гэж эрх баригчид бурууг тохдог. Гэтэл Чингис бондтой адил хэмжээний мөнгийг 2020 оны төсвийн тодотголд тусгаж өр үүсгэсэн. Чингис бонд үр дүнтэй байсан. Тухайлбал, 21 аймгийг засмал замтай болгох, Улаанбаатар хотод гудамж төсөл хэрэгжүүлэх зэрэг дэд бүтцийн ажил нэлээд хийсэн. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт олон бүтээн байгуулалт хийгдсэн. Чингис бондын дэмжлэгтэй Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн шүү дээ. 1000 гаруй мах, сүүний чиглэлийн үхэр оруулж ирсэн нь одоо 10 гаруй мянган толгой болж өссөн байна. Сүүний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр бид олон улсын жишгээр савалгаатай сүү хэрэглэдэг болжээ. Ер нь тухайн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр нэлээд ажил хийсний үр дүнд КОВИД-19 цар тахлын улмаас хил хаасан өнөө үед “Оргио” тахианы үйлдвэр, “Түмэн шувуут”, “НВЦ” зэрэг үндэсний үйлдвэрүүд иргэдийг хүнсээр хангах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ хямд, харин тэдний хувьд амьжиргаагаа залгуулах бусад үндсэн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн өндөр үнэтэй байгаа тул малчдын амьжиргааны түвшин сайжрахгүй байна
-Та хөдөө орон нутгаас сонгогдсон. Мөн ҮХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Иймдээ ч хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн чиглэлд анхаарч байгаа харагдсан. Хөдөө аж ахуйн салбар манай голлох салбар ч төдийлөн хөгжихгүй байна гэх шүүмжлэл бий. Гишүүнээр сонгогдсоны хувьд энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Манай улсын хувьд хөдөө аж ахуй бол хамгийн хүртээмжтэй салбар. Уул уурхайн салбар манай улсын экспортын гол орлогыг бүрдүүлж, эдийн засгийг авч явж байгаа ч манай ажиллах хүчний дөрөвний нэгийг малчид, нийт хүн амын гуравны нэг нь хөдөө аж ахуйн салбараас орлого олж, амьдрал ахуйгаа залгуулж байгаа. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 170 мянга гаруй малчин өрх байна. Мөн мал аж ахуйн салбар нь уул уурхайн салбартай харьцуулахад шавхагдашгүй баялагтай гэдгээрээ онцлог. 

Тиймдээ ч хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар байх ёстой. Гэтэл мал аж ахуйн салбарын түүхий эд үнэгүйдэж, малчид орлогогүй шахам байна. Наанадаж малын арьс, ширээ боловсруулах үйлдвэргүйн улмаас эдгээр баялаг их хэмжээгээр хаягдаж байна. Мөн ноос, ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа ч өдийг хүртэл жигдрээгүй байна. Малчдын гар дээрээс борлогдож байгаа махны үнэ маш хямд байна. Ер нь малчдын олж буй орлогыг хувилаад үзвэл нийт орлогын 20 хувийг ноолуураас, 10 хувийг нь ноос, арьс шир, түүнийг дагасан урамшууллаас, 60-70 хувийг нь мал болон малын махнаас олдог. 

Найман жилийн өмнө малчид ченжүүдээр дамжуулахгүй өөрсдөө мал болон малын махаа 4-5 мянган төгрөгөөр борлуулдаг байсан нь тухайн үед 2.5-3 ам.доллартай тэнцэж байсан. Өнөөдөр малын махны үнэ яг тухайн үеийн төгрөгөөр үнэлсэн үнэтэй адил байна. Харин ам.долларын ханш үүнээс хоёр дахин өсөж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нь хэд дахин нэмэгдчихсэн. Уг нь валютын ханш өсчихсөн энэ үед малчид малын махаа дор хаяж 8-9 мянган төгрөгөөр зардаг баймаар байна шүү дээ. Малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ хямд, харин тэдний хувьд амьжиргаагаа залгуулах бусад үндсэн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн өндөр үнэтэй байгаа тул малчдын амьжиргааны түвшин сайжрахгүй байна.

-Тэгэхээр малчдыг дэмжих бодлого манайд муу байна гэсэн үг үү?

-Тийм. Засгийн газар зөвхөн хот суурин газрын хүн амын хэрэгцээнд нийцүүлэн махны үнийг барих бодлого баримталмааргүй байна. Монгол малын махыг гадагшаа экспортолж, орж ирсэн орлогоор хот суурин газрын хүн амын махны хэрэгцээг нь хямд үнээр хангах бодлого явуулах ёстой. Гэтэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлууд нь хангалттай бус байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харахад зөвхөн хот суурин газрын хүн амын махны хэрэглээг хямд үнээр хангах бодлого баримталж иржээ. Монгол Улс чөлөөт эдийн засагтай орон гэгддэг ч чөлөөтэй худалдаа явуулахгүй байсаар малчдын амьдрал ахуй доройтож байна. Нийт малчдын 50 хувь нь 200-аас доош тооны малтай, жилдээ 3-4 сая төгрөгийн орлого олдог. Энэ нь нэг малчин өрх сард 300-400 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг.

-Та малын махыг экспортлох хэрэгтэй гэж байна. Малын түүхий эдийг боловсруулж, махыг экспортолно гээд малыг хөлөөр нь гаргахаа больчихсон. Ингээд малчдын амьжиргааны түвшин доройтсон шүү дээ.

-Монгол Улсын Засгийн газар гол ажилдаа анхаарал хандуулахгүй байна. Намайг ҮХХААЯ-ны Мал аж ахуйн газрын даргаар ажиллаж байх үед бид монгол малын махыг дэлхийн бусад оронд экспортлох гарцыг нээх чиглэлээр амжилттай ажилласан. Гэтэл энэ ажлыг залгамжилж хөгжүүлсэнгүй. Өнөөдөр манайх урд, хойд хөрштэйгөө л мал, мах экспортлох эрх нь нээлттэй байгаа. Монгол махыг дэлхийн зах зээлд гаргахад Олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай тохирч зөвшөөрөл авах ёстой. Энэ ажлыг бид урьд нь нэлээд сайн ярилцаж, нааштай байдалд хүргэсэн юм. Гэтэл одоо дэндүү удаашралтай байна.

Махны экспортыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхөд гурван шалгуур байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсад тодорхой газар нутагт малын өвчлөл байдаг тул үүнийг нь ангилж, энэ бүсээс эрүүл малын мах гарна, энэ бүсэд вакцин тарих шаардлагатай гээд ангилах хэрэгтэй. Үүнийг Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын экспертүүд ирж тогтоодог юм. Хоёрдугаарт, малын шилжилт хөдөлгөөний асуудал. Энэ нь хамгийн чухал байр суурь эзэлдэг. Бүс нутаг тогтоочихсон бол шилжилт хөдөлгөөн хэрхэн явагдаж байгааг хяналтандаа авсан байх ёстой. Гуравдугаарт, малын гарал үүсэл тодорхой байх. Ийм ажлыг бид эхлүүлсэн ч хэрэгжилт нь өнөөдөр хангалттай бус байна. Засгийн газар энэ ажилд төвлөрч, эцсийн үр дүнг нь үзэхгүй, бүрэн төгс шийдвэргүй байгаад байна.

-Энэ ажлууд удаашралтай, Засгийн газар хойрго хандаж буй шалтгааныг та юу гэж бодож байна вэ. Санхүүгийн хүндрэл байгаа юм болов уу?

-Одоо УИХ-аар Засгийн газрын боловсруулсан 2021 оны төсвийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Засгийн газраас оруулж ирсэн төсвийн үнийн дүнг өөрчлөхгүйгээр арга хэмжээг нь хооронд нь солихоос өөр эрх мэдэлгүй болчихсон. Засгийн газар уг нь ирэх дөрвөн жилд махны экспортыг нэмэгдүүлэх, малын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох гэсэн заалтууд оруулж ирсэн. Сөрөг хүчний хувьд хийж чадах ажил нь мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллах чиглэл өгөх явдал л байна. Гэвч энэ жилийн төсөвт мал, махны экспортыг дэмжих чиглэлээр хангалттай хөрөнгө тусгагдаагүй байна. Гэхдээ ХХААХҮЯ тодорхой ажлуудыг эхлүүлсэн нь сайшаалтай.

-Тухайлбал?

-Хамгийн энгийн шийдэл нь нөөцийн мах бэлтгэлийн ажил байгаа юм. Мал, махыг үнэ цэнтэй байлгах хамгийн чухал асуудал нь махны экспортод хориг тавихгүй, үнийг нь чөлөөлөх явдал. Засгийн газар үүнд анхаарч квотоо нэмэгдүүлсэн байна билээ. Ирэх жилээс нөөцийн мах бэлтгэлийг эрт эхлүүлэх алхам хийж байгаа.

-Та гишүүнээр сонгогдсон даруйдаа Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих лобби бүлэгт орсон байсан. УИХ-д лобби бүлгүүд байгуулагддаг ч шийдэлд хүрэх ажил хийж байгаа эсэх нь тодорхой бус байдаг. Танай лобби бүлэг ямар ажил хийж байгаа бол?

-УИХ-ын 76 гишүүний 56 нь хөдөө орон нутгаас сонгогдсон. Тэгэхээр шууд утгаараа тэнд ажиллаж, амьдардаг малчдын эрх ашгийг гишүүд хамгаалах ёстой. Иймд гишүүд лобби бүлэг байгуулсан. Үндсэн зорилго нь малчдын үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг үнэд хүргэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих. Үүний хүрээнд Дархан хотод баригдаж байгаа Арьс, ширний цогцолбор паркыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Засгийн газар, Сангийн яам энэ асуудал дээр мөн л хойрго хандаж байгаа. Дэд бүтцийнх нь асуудлыг уг нь төр хариуцах ёстой. Харамсалтай нь, Засгийн газар үүнд бодитой санхүүжилтийг олгоогүй, хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. 2021 оны төсөвт энэ ажлыг дэмжих санхүүжилт суулгаагүй. 

Тухайн хувийн аж ахуйн нэгжүүдэд зээлийн хөнгөлөлт үзүүлэх талаар ажиллаж байгаа гэсэн. Энэ хангалттай дэмжлэг биш. Дэд бүтцийн асуудлыг Засгийн газраас шийдээд өгчихвөл тэнд барих үйлдвэр, бусад асуудлыг хувийн хэвшлийнхэн хамтраад шийдвэрлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Намайг ҮХХААЯ-ны МААБХЗГ-ын даргаар ажиллаж байх үед ноос, арьс, ширний урамшуулал олгох ажил эхэлсэн. Тухайн үед гадаадын компаниуд эдгээрийг өндөр үнэтэй худалдаж аваад шууд гаргачихдаг байсан нь үндэсний үйлдвэрлэлүүдэд боломж олгохгүй байсан. Тиймээс ЖДҮХС-аас үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох болсон. Мөн хилээр түүхий эдийг шууд экспортлохыг хориглож, үндэсний үйлдвэрүүдийг төрийн цогц бодлогоор дэмжиж байсан юм.
ЖДҮХС-ийн зээл нь очих ёстой үйлдвэрүүддээ очоогүй. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн парламентын гишүүд энэ зээлийг хувааж аваад банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан эргэлдүүлж хууль бусаар ашигласан.

-Одоо бол арьс, шир үнэгүйдэж, хог дээр хаягдаж байгаа. Үйлдвэрүүд нь хангалттай хөгжиж чадаагүй. Зөв төлөвлөж чадаагүй юм биш үү?

- Харамсалтай нь, энэ бодлого хэрэгжих явцдаа алдагдчихсан. Урамшууллын үүрэг бидний хүсэж байгаа шиг хэрэгжихгүй байна. ЖДҮХС-ийн зээл нь очих ёстой үйлдвэрүүддээ очоогүй. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн парламентын гишүүд энэ зээлийг хувааж аваад банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан эргэлдүүлж хууль бусаар ашигласан. Энэ бол Монгол төр гажуудсаны илрэл. 2015-2016 онд эхлүүлсэн ажлыг дараагийнх нь Засгийн газар гажуудуулсан.

-Энэ гажуудлыг засах боломжтой юу?

-Дарханы арьс, ширний паркийг нэн яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ ажил уг нь Ерөнхийлөгчийг тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад хэрэгжиж эхэлсэн бодлого. Мөн мал, махыг экспортод гаргах талаар бүх зураглалыг нь гаргачихсан. Төрийн бодлогын тогтвортой байдлыг хангахын тулд үүнийг залгамжлуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Үүн дээр гацаад, ойлгохгүй байх зүйл огт байхгүй.

-Мал, махыг экспортод гаргана гээд л байдаг. Гэтэл махны чанар, эрүүл ахуйн асуудал гээд нарийн төвөгтэй асуудал байгаа юм биш үү?

- Монгол мах хамгийн чанартай. Учир нь, бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс. Дэлхий нийтэд эрчимжсэн мал аж ахуйгаас бэлчээрийн аж ахуйг илүүд үздэг. Үнэ нь гэхэд л хэд дахин өндөр.

ШИНЭ МЭДЭЭ