https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчиллын төлөөх 20 жил
2020.12.06
Улстөр

Ардчиллын төлөөх 20 жил

2020 оны 12-р сарын 06-ны өдөр Монголын ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж, өнөөгийн Ардчилсан нам-ыг байгуулсанаас хойших 20 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам Монголын Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын 5 удаагийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 4 удаагийн, орон нутгийн 5 сонгуульд оролцжээ.

Ардчилсан нам УИХ-ын 2004 оны сонгуульд “Эх орон - Ардчилал” эвсэл байгуулан оролцож 34 мандат (үүний 28 нь Ардчилсан намын гишүүд), УИХ-ын 2008 оны сонгуульд 25, 2012 оны сонгуульд 34, 2016 оны сонгуульд 9, 2020 оны сонгуульд 11 мандатыг тус тус авчээ.

Ардчилсан намаас Монголын Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 2009, 2013, 2017 оны сонгуульд дараалан 3 удаа сонгогчдын олонхийн дэмжлэг авч, ялалт байгуулж байв.

Энэ 20 жилд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Р.Амаржаргал, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр, Г.Батхүү агсан, Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Сангажавын Баярцогт, Л.Болд, Лувсаннямын Гантөмөр, Р.Гончигдорж, Ламжавын Гүндалай, С.Ламбаа, Д.Зоригт, Чимэдийн Сайханбилэг, Ядамсүрэнгийн Санжмятав, Эрдэнэ Содномзундуй, Зандаахүү Энхболд нарын улс төрч л 3 болон түүнээс дээш удаа сонгогчдын мандатыг авч байв.

Мөн өнгөрсөн 20 жилд орон нутгийн сонгуулиар Сүхбаатар, Өмнөговь аймагт тус бүр 3 удаа, Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Увс, Завхан, Хэнтий, Ховд аймагт тус бүр 2 удаа, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотод тус бүр нэг удаа Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж байв.

Ардчилсан намын өнгөрсөн 20 жилийн түүхийг эргэн харвал Ардчилсан намаас дэвшүүлсэн бодлого, зорилтууд Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Тухайлбал, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөр, татварын бодлогоор иргэд, хувийн хэвшлийг дэмжих “Дөрвөн арвын татварын тогтолцоо” буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын ажил олгогч, даатгуулагчийн төлөх шимтгэл тус бүрийг 10 хувиар тогтоох бодлого, иргэдийг орон сууцжуулах зорилго бүхий “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр, иргэддээ байгалийн баялагийн өгөөжийг хүртээх “Эрдэнийн хувь” хөтөлбөр, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх замаар эдийн засгийн ил тод байдлыг хангах, татвар төлөгчдийн суурийг өргөжүүлэх бодлого, ”100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилго бүхий “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" хөтөлбөр, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Чингис бонд” хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд, “Гудамж” төсөл, Нийслэл хотыг 21 аймагтай авто замаар холбох, 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр зэргийг дурдаж болох юм.

Монголын ардчиллын төлөөх намуудын нэгдэл болсон Ардчилсан намын Монгол оронд Ардчилал, чөлөөт зах зээл, хувь хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хамгаалахад гүйцэтгэсэн үүрэг асар их билээ.

Ардчилсан нам удаа дараагийн сонгуулиар Монголын сонгогчдоос хамгийн хатуу дүнг авсаар байгаа ч сорилт бэрхшээлийг даван туулж, Монголын Ардчиллыг хамгаалах, хөгжүүлэх, Монгол улсын үндэсний ардчилсан хөгжлийн бодлогыг манлайлах түүхэн хувь заяатай улс төрийн байгууллага юм.

Ардчилсан нам улс төрийн институтынхээ хувьд төлөвших, намын дотоод шинэчлэлээ гүнзгийрүүлэх, бодлого, үйл ажиллагаандаа гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог хангах, Монголын олон зуун иргэдийнхээ хууль ёс ашиг сонирхолыг хамгаалах, улс төрчдийнхээ ёс зүй, манлайллыг сайжруулах, УИХ дахь сөрөг хүчний хяналтаа хэрэгжүүлэх, Монголын нийгэм дэх Ардчиллын үнэлэмж, итгэл үнэмшлийг сэргээн батжуулах зэрэг хариуцлагатай үүргээ хэрхэн хэрэгжүүлэхийг Монголын олон нийт анхааралтай харж байна.

Ухаарал сургамж, ололт амжилт, алдаа оноогоо дэнсэлж, ойлголцол, эв эе, улс төрийн холч бодлого, тууштай тэмцэл, хамтын оролцоо, сайн засаглал, сайн менежментээр Монголын Ардчиллыг шинэ үеийг бүтээцгээе.

ШИНЭ МЭДЭЭ