МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

1206 хүнийг хамруулж, саналыг Үндсэн дүрэмдээ авч чадсан маш том цахим хурал боллоо
2020.12.28
Улстөр

1206 хүнийг хамруулж, саналыг Үндсэн дүрэмдээ авч чадсан маш том цахим хурал боллоо

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

Ардчилсан нам Их хурлаа хийлээ. Хурлын дүр зураг ямархуу болов. Бас багагүй хэл ам ч гарах шиг боллоо?

Цар тахалтай холбоотойгоор хойшлоод байсан Ардчилсан намын X Их хурал энэ удаад цаг үе, нийгмийн захиалгаар болж өнгөрлөө. Түүнээс цар тахлаар далимдуулж хийж байгаа зүйл биш л дээ. Бидэнд цахимаар л хуралдах боломж байлаа. Энэ боломжийнхоо хүрээнд л хурлаа хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.. Азидаа маш том хэмжээнд орохуйц цахим хурал боллоо гэж дүгнэж байна.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн хувьд намаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дүрмийн бус гэж дүгнэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

Энэ удаагийн хурал дүрмийн дагуу болсон. Энэ асуудал дээр ганц хүн л эсрэг байр суурьтай байгаа нь өмнөх намын дарга. Мань хүн яагаад ингээд байгааг ойлгоход хэцүү байна. Ер нь бол Ардчилсан намын 30 жилийн ололт, ялалт алдаа дутагдалтай бүх л зүйлтэй холбогдсон хүн. Ардчилсан нам цаашаа явах ёстой. Түүнээс эргэж хараад тэр хүнтэй зууралдаад байх албагүй. Тэрээр нийгэмд намаа муухай харагдуулах гэсэн үйлдэл хийж байгаа нь залуучууд, жирийн гишүүдийн хувьд дургүйцлийг хүргэж байна. Бид өнгөрсөн цаг хугацаанд Үндсэн дүрмээ ашиглахад сөрөг муу үр дүн их байсан. Намыг хагаралдуулах өөрчлөлтүүд их байсан. Ах нарын маань бидэнд сургасан фракцалж, хоорондоо муудалцдаг, намыг хагаралд аваачдаг байдал өнөөдөр сум, багийн түвшинд хүрч очсон. Тэдгээрийг л бид одоо засаж байгаа.

С.Эрдэнэ хууль, дүрмийн дагуу би намын дарга хэвээрээ байгаа гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан л даа. Ийм байх боломжтой юу?

Хуулийн албан ёсны хариу тайлбаруудыг намын зүгээс гаргасан. Намын дүрэмд тухайн УИХ-ын сонгуульд ялагдсан намын удирдлагууд ажлаа өгнө гэж заасны дагуу тэрээр ажлаа өгч, үүрэг гүйцэтгэх эрхийг намын дэд даргадаа шилжүүлсэн. Тэр хүн намын дараагийн үйл ажиллагааг үргэлжлүүлээд шинэ дүрэмтэй, даргатай болох процедурыг л хийж байгаа. Өмнөх улс төрийн цаг хугацаан дээр яг л ингэж явдаг байсан. Одоо энэ асуудалд ингэж хандаад байгаа нь цаанаа улс төрийн агуулгатай байх. С.Эрдэнийн хувьд бүхий л асуудал дээр энэ намыг ялагдуулсан. АН-ын ялагдлын шалтгаан нь намын даргын нэр хүнд муу, нам эв нэгдэлгүй гэсэн хоёр үндсэн асуудлаас үүдэлтэй. Үүнээс болж АН-ын нэр хүнд, рейтинг унасан. Тэр хүн намын эв нэгдэл, цааш явах боломж дээр хаалт хийж байгаа нь намаа цааш алхахад чөдөр тушаа болж байна.

АН Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийсэн. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших бол Их хурал, ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэнэ гэсэн заалтыг тусгасан уу?

Энэ мэдээлэл бодит биш. Хууль өмнөх үедээ үйлчилдэггүй зарчимтай.

Хагас жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс урьтаж АН намын даргаа сонгох ёстой. Намын даргаа хэзээ сонгох вэ?

Намын даргыг сонгохдоо халуун нүүрээрээ уулзалдаж байж шийдсэн нь зүйтэй гэж гишүүд үзэж байгаа. Цахимаар биш танхимд хуралдаж, оролцож байгаа хүмүүс бүгд саналаа өгөх зарчмаар явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байна. Би ч мөн адил ийм бодолтой байгаа. Тэгэхээр хорио цээрийн дэглэм буурч, хурал хийх нөхцөлөөр хангагдсан үед л Их хурлаа хийж таарна. Тэр цаг хугацаа удахгүй байх гэж найдаж байна.

Ардчилсан нам Шүүхийн тухай хуулиар завсарлага авсан. Яагаад завсарлага авахаар болов?

Ерөнхийлөгч болон Засгийн газраас тус бүр Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Харахад зарчмын бага зэргийн л зөрүү бий. Угтаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль шаардлага хангахуйц хууль байсан. Харамсалтай нь МАН-ынхан улстөржиж, өөрсдийнхөө Засгийн газраас өргөн барьсан хуулийг батлуулах гэж хичээж байна. Ерөнхийлөгч л өргөн барьсан учраас тэрхүү хуулийг бүлэг дээрээ унагасан. Тиймдээ ч АН энэ асуудлыг хөндөж, завсарлага авсан.

Хамгийн гол нь иргэдэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хууль амьдралд илүү ойр, шүүх засаглалыг зөв голдрилд оруулах хууль байсан шүү гэдгийг л харуулах гэсэн юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гээд маш олон хууль хэлэлцэгдэж байна. Цаад агуулгыг нь харахаар Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгөх гэсэн хуулиудыг л санаачлаад байна.

Шүүх засаглал ҮАБЗ, Ерөнхийлөгчөөс хараат байна гэх шүүмжлэл бий. Шүүхийн тухай хуулиар энэ байдлыг өөрчлөх нь хамгийн чухал гэдэг шүү дээ.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд тэрхүү асуудлуудыг засаж байсан. МАН-ын зүгээс хэлэлцэгдэж байгаа дээрх хуулиудаар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг сольсон. Өнгөрсөн парламентын үед У.Хүрэлсүх М.Энхболд, МАНАН бүлэглэлийг дарах гэсэн зорилгоор дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан. Тийм хэрнээ одоо ҮАБЗ энэ бүх эрх мэдлийг өөртөө авдаг нь буруу гэж асуудалд хандаж байгаа. Угтаа Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсны ачаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа суудалд баттай сууж чадсан. Г.Занданшатар УИХ-ын дарга болсон. Мөн тухайн үед Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд өнөөдөр УИХ-д сууж байгаа. Эсэргүүцсэн хүмүүс нь намын шат шатны албан тушаалаас жийгдчихсэн. Шууд утгаараа дээрх хуулиудыг өөрчилж, өөрсдөдөө эрх мэдэл төвлөрүүлсний үндсэн дээр МАН дахин олонх болсон.

Ерөнхийлөгчийн оролцсон гол шалтгаан нь шүүх засаглалын авлига, хүнд суртал, мафижсан байдлыг задлах. Цаад агуулгаараа МАН тэр хуулийг өөрсдөө оруулж ирж, намаа цэвэрлэх үйл ажиллагаанд ашигласан. Энэ бүх зүйл засагдаад явна. Засагдах ажлыг Ерөнхийлөгч өөрөө санаачлаад эхлүүлсэн ч МАН улстөржиж, нийгэмд өөрсдөө засаж залруулж байгаа мэт харагдуулах гэж хичээж байна.

Та МАН Ерөнхий сайдад ихээхэн эрх мэдэл төвлөрүүлж байна гэлээ. Энэ талаараа тодруулаач?

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Ерөнхий сайдыг аймгуудын Засаг дарга нарыг өөрөө санал болгож, ИТХ-аар хэлэлцүүлээд томилдог боломжоор хангаж байгаа. Социалист нийгмийн үед нэг дарангуйлагч л бүхнийг шийддэг байсан. Тэр нийгэм рүүгээ эргэн орж байна. Мөн АТГ-ын даргыг Их хурал томилно. Өнөөдөр 62 УИХ-ын гишүүнтэй МАН намын даргынхаа хэлсний дагуу явж байгаа. УИХ ч тийм байдалтай байна. Ерөнхий сайд, намын дарга юу гэж хэлнэ бүх зүйл түүний хэлсэнчлэн явна. Надтай адилхан анх удаа сонгогдсон гишүүн цөөнгүй бий. Тэд намын даргын хэлсэнчлэн болон намаас оруулж ирж байгаа асуудлыг л гараа өргөн дэмжиж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдлэх нь бага байна уу даа гэж харагддаг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 2500 ба түүнээс дээш хүн амтай байж сум байж болно гэсэн зохицуулалт орж байгаа. Энэ нь хэр зөв зүйтэй алхам бэ?

Сумдыг цөөлөхөд хоёр шалтгаан байгаа. Монгол Улсын өргөн уудам газар нутгийг бүлэглэлүүд, уул уурхайнхан өөрсдийн дураар эзэмших гэсэн хүсэл сонирхол байна. Учир нь тэд сумдын Засаг дарга нар Засгийн газрын үгэнд орохгүй байна, уул уурхайн асуудлыг сумын иргэд л мэдэж байна гэж яриад байгаа юм. Бодит байдал дээр сумын иргэд, малчид Байгаль орчны яам, сайдын ажлыг хийж байгаа. Нутаг орондоо тархан суурьшиж, эзэмшиж Монгол Улсын тусгаар тогтнол, бэлгэ тэмдгийн баталгаа болж байна. Тиймээс сумдын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг л ярих нь зүйтэй.

Соёлын асуудлыг ч ярих нь зөв. Сумдад соёлын төв барьснаараа улсын эдийн засагт гарч байгаа хүндрэл нь харьцангуй бага шүү дээ. Ер нь сумдыг цөөлөх эсэх асуудлыг маш сайн бодож байж хийх ёстой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлах гэж байна. Уг хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгчийг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой юу?

Одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой.

Сэтгүүлч: О.Ариунцэцэг

ШИНЭ МЭДЭЭ