2021.04.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Зохиогчийн эрхтэй холбоотой “Эрүүгийн хууль”-ийн өөрчлөлтийг даруй хийх хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.04.27/ хуралдлаа. Хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

"Засгийн газраас зохиогчийн эрхийг дагасан Эрүүгийн хуульд өөрчлөлт ороогүй, шинэчлэн батлагдах хэлэлцүүлгийг давсан эцсийн хувилбараас харахад эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаралтай оруулах шаардлагатайг онцлож байна. Түүнчлэн яаралтай шинэчлэлт хийлгэх шалтгаан бол хариуцлагын хэсэг орхигдож байгаад холбоотой юм.

Эрүүгийн хуулийн 18.17-д буюу “Зохиогчийн эрхийн эрхийг зөрчих” гэсэн гэмт хэрэг дээр “Зохиогчийн эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, их хэмжээний хохирол учирсан байх болон 40-50 сая төгрөгийн хохирол учирсан бол гэмт хэрэгтэн болно гэж бичсэн байгаа юм.

Тиймээс бидний баталж байгаа “Зохиогчийн эрх” дээр анхаарахад амины эрх, эд хөрөнгийн эрх гэж ялгах нь зүйтэй. Амины эрх гэдэг нь хохирол учихсан байдлыг шаардахгүй, хохирлыг тогтооход төвөгтэй эрхийн харилцааг ялгаж бичсэн юм. Тиймээс амины эрхтэй холбоотой асуудлыг суурь хууль дээр өөрчилж байгаа учир эрүүгийн хууль дээр үүнийг ялгах шаардлагатай болж байна.

Мөн анзаарвал амины эрхийг зөрчсөн асуудал дээр хохирол шаардах боломжгүй юм байна, өөрөөр хэлбэрийн гэмт хэргийн бүрэдэхүүн болгож бичих шаардлагатай гэж харж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тухайн зохиогчийн нэрийг ашиглаад буруутай этгээд орлого олсон байх гэснийг бичвэл гэмт хэрэгтнийг буруутгах,шийтгэх боломж бүрдэх юм. Харин нөгөө талаараа хариуцлагын тухайд 450 мянган төгрөгөөр торгохоос эхлэж байгаа боловч “Зохиогчийн эрх”-тэй холбоотой зөрчлийн хариуцлагад 500 мянган төгрөгөөс эхлэж байна. Тиймээс эрүүгийн хариуцлага ямар нэгэн байдлаар зөрчлийн шийтгэлээс чанга хатуу байх ёстой болохоор Засгийн газар хууль батлагдсаны дараа Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг оруулах шаардлагатай ба тус асуудлуудыг анхаарч хуулийн төслийг оруулахыг хүсэж байна."

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ