https 208
Б.Энхбаяр: МАН хэзээ ч, хэний ч “хувийн өмч” байгаагүй, цаашид ч байхгүй
2021.12.13
Улстөр

Б.Энхбаяр: МАН хэзээ ч, хэний ч “хувийн өмч” байгаагүй, цаашид ч байхгүй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрсөн намар, хаврын чуулганаар томоохон хуулиуд дээр ажилласан. Энэ намар аль хуулиудыг барьж авч ажиллаж байгаа вэ?

-Шүүхийн багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Банкны хуулийн шинэтгэлд ажлын хэсгийн гишүүн, ахлагчаар ажилласан. Хоёрдугаарт, орон сууцны иргэдэд доорх газрыг нь эзэмшүүлэх хуулийнхаа судалгаа, Төрийн өмчийн багц хуулийн шинэтгэлийн судалгаа дээр нэлээн цаг зарлаа. Их ч ярьсандаа, “Ярихаас цаашгүй” гэж бодогдтол. Их ярьж, хүмүүст мэдээлэл өгч, анхааралд оруулсны үр дүн захаасаа гарч байна. Долдугаар сарын 8-нд чуулган хаахад Төрийн өмчийн компанийн реформыг сая өнгөрдөг есдүгээр сард УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ гаргасан. Газрын багц хуулийн талаар би УИХ-ын гишүүний тангараг өргөсөн өдрөөсөө ярьсан. Энэ хуулийн төсөл мөн удахгүй орж ирэх гэж байна. Энэ хоёр суурь шинжтэй том реформыг УИХ-ын гишүүн дангаараа санаачлахыг зөв гэж боддоггүй. Асуудлыг бүх талаас нь харах шаардлагатай учраас Засгийн газар санаачилж, түүнийг нь УИХ дээр өөрөө манлайлж ажиллах бодолтой байгаа.

-Салбарын ажил нь сайнгүй байгаа мэргэжлийн сайд нарын заримыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүдийг томилъё гэсэн яриа зунаас хойш л гарсан. Чуулганы танхимаас гарсан энэ яриа энэ намрын чуулганы төгсгөлд биежих магадлал байх уу?

-2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ бол улсын төр барих бодлогыг дахин шинэчилсэн явдал. Дүрмийг цоо шинээр авч үзсэн “хувьсгалт шинж чанартай өөрчлөлт” болсон. Үндсэндээ шинэ дүрмээ мөрдөөд жил орчмын л хугацаа өнгөрлөө. Өөрчлөлтийг хийхдээ Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг чухалчилсан. Одоо бол Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа өөрөө мэднэ. Хэнийг сайдаар ажиллуулах вэ гэдэгт УИХ, парламентын гишүүд оролцохгүй. Харин улс орны тулгамдсан асуудлаар асуулга, шаардлага тавих, шүүмжлэх зүйл гарах нь эрүүл бөгөөд зүй ёсных. Тэр дундаа ард түмэн юу хүсч байна, юунд сэтгэл ханамжгүй байна, юу хийгээсэй гэж бодож байгааг нээлттэй илэрхийлж байх учиртай индэр нь УИХ-ын танхим. Засгийн газрын гишүүдийнхээ ажлыг Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцна. Парламент өөрөө ард түмний өмнө хариуцлагаа хүлээдэг учраас Ерөнхий сайдтай л хариуцлагыг ярьдаг. Ингээд өмнөөс нь хариуцлага үүрдэг учраас хэнийг багтаа ажиллуулах вэ гэдэг улс төрийн эрхээ Ерөнхий сайд эдэлдэг. Өмнөх Засгийн газруудын дундаж наслалт 1.7 жил байсныг уртасгая, тогтвортой ажиллуулъя гэж бид Үндсэн хуулийг өөрчилсөн санагдаж байна.

-Хэдэн жилийн өмнө нь АН лидерүүд дагасан фракцгүй нэгдмэл боллоо гэж зарласан байсан. Харин танай намд фракциуд хүчтэй оршсоор. Ирэх жилүүдэд төр, засгийг тогтвортой ажиллуулах болов уу?

-Хүчтэй лидертэй бол нам хүчтэй л байдаг. Сул лидерийг дагаж нам ч, улс ч сулбайдаг талтай. Хүчтэй лидерийг шинждэг, бас лидер болгож үлдээдэг гол үзүүлэлт ямар салбарын, ямар манлайлагчидтай хамтарч ажиллаж байна вэ, хэнийг түшиж байна вэ гэдэг нь. Тийм хүчтэй професионалиудтай хамтарч ажиллаж чадсан лидерүүд л амжилтад хүрдэг. Зарим лидерүүд өөрийг нь шүүмжилж байсан ч хамаагүй нам үл харгалзан хамтарч ажиллаад явж байдаг. Зарим нь юу шийдэх вэ гэдэгтээ бус сүрэглэж байгаад ч хамаагүй эрх мэдэлд хүрдэг. Гэхдээ аль ч фракц анх яаж гарч ирсэн дүрмээрээ баларч унадаг жамтай. Ялж л байвал дараа нь яах нь падгүй гэдэг дүрмээр эрх мэдэлд шунавал ялсан хойноо үр могойнууддаа залгиулж унадаг жамтай.

-Ардын нам парламентын хоёр ч сонгуульд дараалан ялсан. Өөрөөсөө өөр өрсөлдөгчгүй, хянагчгүй болчихсон уу. АН-ын дотоод асуудал сайнгүй байгаа тул сөрөг хүчний ажлаа хийж чадахгүйд хүрээд удаж байна?

-Түрүүчийн парламентад манай нам УИХ-д үнэмлэхүй олонх байсан. Гишүүд хоёр хуваагдаж, ширүүн ч “зодолдсон”, засгаа ч огцруулсныг та санаж байгаа. Бидэнд сөрөг хүчний ч хэрэг гараагүй. МАН сөрөг хүчний ажлаа бусдын оролцоогүй дотооддоо хэтрүүлж хийсэн үү гэхээс багадуулж хийгээгүй. Нэг талаараа эрх баригч, нөгөө талаараа сөрөг хүчний ажил хийгээд “зодолдож” байхад АН-ынхан “энэ хэд зодолдох тусмаа ялагдах юм байна” гэж гэнэнээр бодож тайвширсан. Муу байвал өөрсдөд нь сайн гэж тэд тайвширсандаа холын бодлого, шийдэл гаргаж, хүчтэй, хурдтай ажиллахаас илүүтэйгээр хэт эрт алаагүй баавгайн арьсыг хуваах ажилдаа орсон байхгүй юу. Тэр хэрээр нэр дэвшүүлэлт, боловсон хүчний бодлогодоо хэт өмчирхсөн, явцуу бодлого явуулснаар баларч унасан. МАН-ын “зодоон” олны өмнө нээлттэй байж өөрөө өөрийгөө шүүж, төлөвшүүлж, хурдан маневртай шинэчилж чадсан. Парламентын 20 гаруй гишүүн буюу УИХ-ын гуравны нэгийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй. Энэ байдал нь 2020 оны парламентын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж боддог. Ардчилсан үнэт зүйл бол байнга тордож байхгүй бол үхждэг гэдгийг, урт наслуулдаг “мөнхийн ус” биш гэдгийг умартсан нь ардчилсан хүчний гол алдаа байсан байж магадгүй. Хэнд ч тохиож болох зовлон гэдгийг ухаарч, санаж сэрч ажиллах нь улстөрч гэгдэх бүх хүний ухааны хэрэг юм даа.

-УИХ дахь намын бүлгийн хурал дээр бүх гишүүдээ хайрцагладаг. Бүлэг дээрээ гишүүдийнхээ төслийг ч унагааж үзлээ. Чуулган дээр шүүмж хэлж, шүгэл үлээх гишүүнгүй болчихлоо л гээд байгаа шүү дээ?

-Нэг нам байтугай нэг хүний дотор 2-3 үзэл бодол эргэлдэх үе бий. Зөв хандлага, үзэл л дэмжигдэж явах учиртай. Олонх болсны утга учир, ид шид гэж байдаг бол зөв зүйл цаашаа дэмжигдээд биежих боломж ирэх хоёр жилд байна. Алтан үе шүү дээ, сонгуульгүй 2022-2023 он. Ажил хийдэг хүнд алдаж болохгүй боломж юм даа.

Намын бүлгийг гадна талаас нь харвал сэм хуйвалддаг газар мэт харагддаг тал бий. Асуудлыг маш олон талаас нь, илэн далангуй шүүж тунгааж, шаардлагатай бол хэрэлдэж зодолдож, бүх талын оролцоо, судалгааг харж хэлэлцээд эцсийн дүндээ асуудлыг олонхоороо шийдэж, тэрийгээ илэрхийлэх л бүтэц. Парламентын бүлэг нь олонхын шийдвэрийг гаргах дотоод бүтэц. Хэрвээ бүлэг гэдэг зүйл байхгүй бол энэ 76 гишүүн чинь 76 бие даагчтай адил байхгүй юу. 76 бие даагч цугларчихвал тэд Монголын хамгийн сор болсон ухаалаг хүмүүс байгаад ч шийдвэр гаргаж чадахгүй. Чуулган дээр чангаар дуугараад байдаггүй ч бүлгийн хурал дээр маш үнэтэй, үндэс углуургатай, судалгаатай санал гаргаж, ажил хэрэгч хандаж, их ярьж тайлбарладаг олон гишүүн манай бүлэгт байдаг. Парламентад олонхи болсон нь Засгийн газраа байгуулдаг, цөөнх болсон нь хяналтаа тавиад явдаг л дүрэмтэй. Цөөнх нь хүч муутай, сул байгаа нь олонхыг дарангуйлагч мэт харагдуулдаг тал ч бий. Аль нэг нь аархаж танхайралгүйхэн шиг, нөгөө нь тунирхаж өрөвдүүлээд байлгүй ард түмнийхээ итгэлийг алдалгүй, хичээж зүтгээд байвал улсаараа, бүх иргэдээрээ л хожно.

-Тэгвэл олуулаа байхын үр дүн хууль тогтоох ажил дээр гарч байна уу?

-Засгийн газрын түвшний асуудлыг бол би өмнөөс нь төлөөлж хэлж мэдэхгүй нь. УИХ-ын тухайтад энэ удаагийн парламент жилийн хугацаанд олон арван жил хөндөж чадахгүй байсан, улсын хөгжилд гацаа болоод байсан суурь  хуулиудын шинэчлэлийг амжилттай хийгээд яваад л байгаа. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн реформ,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн багц хууль, Хөдөлмөрийн хууль гээд сүүлийн 20 гаруй жил хөндөгдөөгүй, дандаа суурь шинжтэй багц хуулиудыг хэлэлцэж баталлаа. Хөдөлмөрийн хууль гэхэд л таван Засгийн газар, гурван УИХ дамжаад хийгдээгүй л явж байсан. Энэ намрын чуулганаар Боловсролын хуулийг цогцоор нь шинэчлэх гэж байна. Энэ шинэчлэлүүд нь нэг удаагийн оноо авч таалагдах гэсэн хоосон ам, шалдан гуя гэдэг шиг популист хуулиуд огт биш. Үр дүн нь нийгмийн, соёлын, шударга ёсны сууриудыг дандаа бэхжүүлэхэд чиглэсэн “хувьсгалт шинж чанартай” өөрчлөлтүүд авч ирэх нь тодорхой. Хүмүүс дийлэнх нь шууд анзаарахгүй. 5-10 жилийн дараа давалгаалж үр жимс нь бойжоод ирэхийн цагт үнэлэгдэх нь тодорхой. Тийм ч учраас УИХ-ын дарга Г.Занданшатар “таван хувьсгал” гэж нэршил хэрэглэсэн байх. Миний хувьд цаашдаа төрийн өмчийн компанийн засаглал, газрын суурь асуудал, хүний эрхийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Үнэнийг хэлэхэд, намууд ойролцоо суудал аваад хэн нь ч олонх болоогүй бол эдгээр шинэтгэлүүдийг баталж чадахгүй, хоорондоо хэн нь сайхан мэргэн түргэнээ гайхуулаад л, хий хоосон маргаад л сууж байсан байх байхдаа гэж бодогддог шүү. Үнэмлэхүй олонхын үед популизм буюу тайзны улстөр, дүр эсгэлт, хоолойн өнгө засалт буурдаг. Тэр утгаараа үзэж байгаа хүнд уйтгартай, сонирхолгүй байж мэдэх юм. Хүмүүст Төрийн ордонд хууль хэлэлцэж байгаа нь биш гадаа нь болж байгаа жагсаал, зодоон сонирхолтой байдаг нь бүх л улсад байдаг зүйл. Хүний шохоорхож ханддаг мөн чанартай ч холбоотой байх.

-Ялсан нам руу олон хүн шуурч байгаа гэж тааж байна. Гэтэл МАН-ын гишүүн гэж хэнийх хэлэх билээ. Тийм ялгарал байх уу?

-Төр хүнээр дутдаггүй, хэзээ ч дутаж байгаагүй. Төрд хүн ирдэг, явдаг, үрэгддэг, сайшаалгадаг. Нам бол харин хүнээр дутдаг. Тийм учраас тасралтгүй хүний эрэлд байдаг. Яагаад гэвэл хүн бүр үнэт зүйлтэй, үзэл санаатай. Улс төрийн нам бол маш олон “би”-гийн нэгдэл. Улс төрийн нам тэднийг “бид” болгодог. “Би”-гээ “бид”-д захируулж, хүнийг  эрх ашгаа эрэмбэлж сургадаг нь нам. Би л болж байвал бусад нь падгүй гэж боддог, зөвхөн “би”-гээрээ амьдралыг хардаг, сэтгээд байвал улс орны хэмжээний цар хүрээтэй бодлого гаргаад, түүнийгээ амилуулаад үр дүн гаргана гэж байхгүй. Өөрөөсөө бусдыг сонсож, ойлгож, хүлээн зөвшөөрч, хамтдаа шийдлээ гаргадаг байх нь улс төрийн намын соёл, гол хүчний нууц нь. Тийм учраас Та улс төр сонирхож байгаа бол өөрийн санаж сэрч буй тэр идеал, үзэл санаа, бодлого юмаа бусдадаа, хамт олондоо, багтаа юуны түрүүнд ойлгуулж, тэднийхээ дэмжлэгийг авахаас л улс төрч болох эсэх зам тань шийдэгдэнэ дээ. Яг энэ шинж чанараараа МАН бол маш олон идеал, олон ургальч үзэл, хүмүүсийн нэгдэл.

МАН хэзээ ч, хэний ч “хувийн өмч” байгаагүй, цаашид ч байхгүй. МАН-ын “бид” нь намын даргаа хаан болохыг хазаарлаж чаддаг, гол нь хамгийн зөв гэж шүүгдсэн үзэл санааг “бид”-ний үзэл санаа гэж дэвшүүлж, араас нь түрж чаддаг машин. Энэ машин 4500 морины чадалтай мотортой мөртлөө сарампай болсон дугуйтай, муу тостой бол явж чадахгүй. Тийм учраас лидер урт замыг богино хугацаанд туулъя гэж байгаа бол мэдлэг, ур чадвартай сайн хүмүүсээр багаа бүрдүүлэх шаардлагатай. МАН өөрийгөө ч шүүрддэг, бас бэлтгэдэг. Ардын намын үндэс суурь түүхэндээ, тэр түүхийг тээж ирсэн хүмүүстээ байдаг. Ардчилсан намынхан өөрсдийгөө товойлгохын тулд “Ардын нам хуучинсаг, хөгшчүүд байдаг, муйхар, удаан, үг сонсдоггүй” гэж ярьсаар ирсэн. Өөрсдийгөө шинэчлэгч, шинэ үеийн түүчээ хэмээн дандаа ирээдүй цаг дээр тавьж, энэ ялгарлыг бий болгож, тэр хэрээрээ амжилтад хүрч байсан үе бий. Гэвч тэд маань яг энэ цаг хугацааны машиндаа суугаад гацчихсан. Нэг харсан чинь байр нь солигдчихсон, МАН-д АН-аас хавьгүй илүү олон либералууд, дэвшилтэт хандлагатай залуучууд түрээд гараад ирсэн байсан. Хэн бусдынхаа үгийг сонсохоо больж, өөрсдийгөө хөгжүүлэхээ болино тэр нь устаж үгүй болдог нь хорвоогийн жам аж.

-Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс УИХ-д байна. Нотлогдоод ирэхийн цагт хүч түрж хамгаалахгүйгээр УИХ-аас татаж чадах болов уу?

-Анзаарах юм бол МАН нэг гишүүн байтугай намынхаа олон ч дарга, удирдлага байсан хүмүүстээ хариуцлага ярьж байсан хатуу нам. Намын дарга байсан хүмүүстээ бол бүр айхтар халтай нам. Өөрөөр хэлбэл, хэнийг ч “хаан” болгодоггүй, хувьсгалт өөрчлөлтийг түүчээлж чаддаг нам.

-Баталж болохгүй, гаргаж болохгүй хууль, бодлого гэж байх уу?

-Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг эргэж бодъё. Эрх мэдэл гэдэг бол хүнийг амархан сохолдог. Эрх мэдлийн хэт төвлөрлийг хүн өөрөө ч анзаарахгүй. Учир нь тойрон хүрээлэгчид нь сохолчихдог. Төр улс гэж үүссэн цагаас эхлээд байсан зүйл. Ялангуяа угсаа залгамжлаад ирэнгүүт өөрийнх нь хүүхэд өөрөөс нь тэнэг болдог. Тэрний хүүхэд усан тэнэг, эрхийн балай болж хувирдаг гэж бий. Тэр рүү түлхсэн бодлого, шийдвэрийг хэзээ ч дэмжиж болохгүй. Ялангуяа нэг хүний дарангуйлал руу чирсэн зүйлийг өөгшүүлж таарахгүй. Зүй нь эрх мэдлийн төвлөрлийн үнэр үнэртэхэд зад цохих ёстой юм л даа. Би ингэж л ажиллана.

-Тэгвэл олонх байгаа дээрээ батлах шаардлагатай ямар хуулиуд байгаа вэ?

-Үнэмлэхүй олонх байна гэдэг асар том боломж, бас хариуцлага. Боломж олон тохиохгүй. Цэлийтэл нээгдсэн ийм боломжийг тултал, эргэж харамсахгүйгээр ашиглах шаардлагатай. Хамгийн суурь шинжтэй, дараа дараагийн парламентын үед саналын товч, улс төрийн зориг, хүч дутах шинэчлэлийг бид өнөөдөр л хөдөлгөх ёстой. Түрүүн хэлдэг боловсрол, төрийн өмч, газрын реформыг 2022, 2023 онд хийж чадахгүй бол оройтно.

-Яагаад газрын реформ гэж?

-Газар өмчлөлийн тухай хууль гараад 20 орчим жил болж байна. Хууль батлагдахад төрсөн, одоогийн 18, 19 хүрч байгаа хүүхдүүд газаргүй гээд бод. Жон Локк “Хүний эрхийн суурь нь хувийн өмчтэй байх эрх. Хувийн өмчтэй байх эрхийн суурь нь хувийн газартай байх” гэж хэлсэн. Хувийн газаргүй бол хувийн өмчгүй. Хувийн өмчгүй бол хэзээ ч эрх чөлөөтэй хүн биш гэсэн байна. Өмчгүй хүн бусдаас биеэ даасан байж чадахгүй. Тархи нь бусдад өөрийгөө зарахад бэлэн хүнтэй нийгмийг боолынх гэж хэлнэ. Жишээ нь, бид халамжийн бодлогоо халахгүйгээр сэтгэлгээний боолын нийгмээсээ гарч чадахгүй. Тахлын энэ хоёр жилд халамжийн бодлого явуулахаас үнэхээр аргагүй байгаа. Гэхдээ удаан хугацаагаар халамжийн бодлогоо үргэлжлүүлбэл иргэдээ ч, улсаа ч, ирээдүй үеэ ч хорлож байгаа хэрэг. Ажил хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлгүй, залхуу, архичин, анхиагүй айл өөдөлж байсан түүх байдаггүй байх аа.

-Авлигын индексийг хоёр орон руу оруулна гэж төлөвлөгөө гаргаж байсан. УИХ, Засгийн газраас авлигын эсрэг ямар ажил хийхээр байгаа бол?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болоод МАН-ын Бага хурал дээр гурван бодлого хэрэгжүүлэхээ хэлсэн. Нэгдүгээрт, эдийн засгийг олон тулгуурт болгох реформыг хийх ёстой гэж. Хоёрдугаарт, авлигын эсрэг тэмцэл. Гуравдугаарт, хүний эрхийг дээдлэсэн бодлого хэрэгжүүлэх тухай. Энэ дээр УИХ манлайлал үзүүлж амилуулах талаар ажиллах шаардлагатай. Хүний итгэл үнэмшлийг хэзээ ч шоронжуулахгүй. Ялангуяа улс төрийн албан тушаалтан, төрийн албан тушаалтнууд өөрсдийг нь албан тушаалынх нь бүрэн эрхтэй нь холбоотой асуудлаар иргэдээс гаргасан шүүмжлэл, сэрдлэгийг гүтгэлээ гэж эрүүгийн журмаар гомдол гаргах хэрэггүй. Иргэнийхээ мэдэх эрх, шүүмжлэх эрхийг боож болохгүй гэдэг чиглэлээр хуулийн төсөл санаачилсан. Ерөнхий сайд ч Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаралтай боловсруулж хэлэлцүүлэх ёстой гэдэг чиглэл өгсөн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар иргэдээс шүгэл үлээсэн бол иргэдийг хамгаалах ёстой гэж зарласан. Ерөнхий сайд, намын даргын ярьсан энэ бодлого дээр миний итгэл үнэмшил нэг байгаа. Мөн Засгийн газраас авлигын эсрэг комисс байгуулан ажиллаж байгаа.

Олон нийтийн дунд авлигын хэрэгтнүүдийг уучиллаа гэсэн шүүмжлэл бодитоор байгаа. Хуулийнхан үгсэн хуйвалдаж хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар алга болгож байна гэдэг асуудлыг би их ярьж байгаа. Судалгаа авч үзсэн, 2019-2021 онд мөрдөн байцаалтад буцаасан хэрэг хэдэн мянгаар тоологдоно. Хэрэг цавчдаг, ингэж авлигаждаг нүх сүвийг хаах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, хэлэлцүүлж эхэлсэн. Түрүүн хэлдэг, баялгийн тэгш хуваарилалтын суурь нь газар. Газар, түүнийг дагасан байгалийн баялаг. Баялаг дээр суурилсан төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой гээд компаниудын асуудал орж ирнэ. Мөнгө хаана байна, тэнд авлига гараад байна. Энэ шинэчлэлүүд дээр хувь улстөрчийн хувьд манлайлж, үлгэрлэж ажиллана гэсэн амбийц дүүрэн байгаа.

Г.Улсболд

ШИНЭ МЭДЭЭ