МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцож байна
2021.04.29
Гадаад харилцаа

ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцож байна

ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.

Олон улсын парламентын холбооны Залуу парламентчдын олон улсын VII хурал “Ковид-19 цар тахлын дараах сэргээн босголт: Залуучуудад чиглэсэн хандлага” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү цахим хуралд Монгол Улсын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцож байна.

ОУПХ-ноос жил бүр зохион байгуулдаг Залуу парламентчдын олон улсын хурал нь парламентын залуу гишүүд цугларч, санал бодлоо солилцож, залуучуудын чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн нийтлэг, шинэлэг стратегиудыг сурч, тодорхойлох өвөрмөц платформ юм.

Дэлхийн 80 гаруй улсын 204 төлөөлөгч оролцсон тус хурлыг ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Бүгд Найрамдах Суринам Улсын парламентын гишүүн, ОУПХ-ны Залуу парламентчдын чуулганы Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Мелвин Бува нар нээж үг хэллээ.

КОВИД-19 цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн цочрол дэлхийн өнцөг булан бүрт, ялангуяа залуучуудад ихээр нөлөөлж байна. Иймд залуучуудыг чадавхжуулах шинэ эринийг эхлүүлэх нь цар тахлын дараах сэргээн босголтын ажлын цөм нь байх ёстой гэдгийг ОУПХ-ноос үзэж байгаа юм.

Энэ удаагийн хурал нь нас насны парламентчид хоорондын эв нэгдэл, дэмжлэгийг бий болгох, залуучуудын чадавхыг нэмэгдүүлэхэд бүх насны парламентын гишүүдийг дайчлах, сайн туршлагаа хуваалцах, дэмжихэд чиглэж буйгаараа онцлогтой болж байна. 

Олон улсын парламентын холбооны Залуу парламентчдын олон улсын VII хурлын үеэр ОУПХ-ноос Залуучуудын оролцоо хангах “Парламентын залуучуудад Тийм гэж хэлцгээе” аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа. Уг аяныг дэмжиж, идэвхтэй оролцохоо Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар илэрхийлсэн юм.

Дэлхий нийтийн өмнө тулгарсан цар тахлын дараах сэргээн босголтын ажлын хүрээнд залуучуудад чиглэсэн үр дүнтэй, тогтвортой арга хэмжээ авахад парламент  дахь залуу гишүүдийн оролцоо, манлайлал, мөн залуу болон ахмад гишүүдийн бат бөх түншлэл чухал ач холбогдолтой гэдэгтэй цахим хуралд оролцогчид санал нэгдэж, өөр өөрийн улс орны туршлагаас хуваалцав.

ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хурлаар залуучуудад чиглэсэн сэргээн босголтыг бий болгохын тулд залуучуудын оролцоог дэмжих хамгийн сайн арга хэрэгслийг судлах, боловсролын тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөж хэлэлцэх бөгөөд хурлын төгсгөлд 2021 оны тавдугаар сард “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын гүйцэтгэх үүрэг” үндсэн сэдвийн дор зохион байгуулагдах ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн чуулганд танилцуулах зөвлөмжийг гаргана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ