2021.06.24
Эрүүл мэнд

Б.Энхбаяр: Монгол төр түр төр болж хувирлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

"Яг үнэндээ ковидын хуулийг сунгах гэж байгаа учиг бол төрийн албанд түр хүмүүс маш ихээр томилсон сүүлийн 1 жилд. Үүнийг л сунгах гэж байгаа. Сунгахгүй бол энэ хүмүүс чөлөөлөгдөнө. Төрийн албанд түр хүмүүс томилох боломжийг яагаад энэ хуулиар нээсэн гэхээр онцгой байдал, цагдаа, эмч, сувилагч нарыг шаардлагатай үед элдэв саадгүй татах зорилгоор хийсэн. Гэтэл энийг төрийн захиргааны албанд баахан дарга нарыг түр томилоход ашигласан. Үүнийг сунгаж болохгүй. Монгол төр түр төр болж хувирлаа. Баахан шалгалтгүй түр томилгоотой даргатай болсон. Түр дарга бүрэн хариуцлага хүлээхгүй. Ийм боломж олгож болохгүй гэж үзэж байна.

1. Сүүлийн 1 жилд хичнээн хүн төр гэдэг байдлаар төрийн албаны шалгалт өгөлгүй томилогдсон бэ?

2. Сайд нарын хариулт дунд нэг зүйлээс би айлаа. НД болон ЭМД-ын улсын төсөвтэй хольж байна. НДС-аас сүүлийн 1 жил гаруйн хугацаанд хэдэн төгрөгийг НДШ төлөлтөд зарцуулсан бэ? А.Ариунзаяа сайдаас асууж байна. Сангийн сайд Б.Жавхлан сайдаас 1 их наяд хүрсэн гэх яриа байна. Үүнийг улсаас мөнгөжүүлэх боломж байгаа юу?

Энэ хуулийг хамгийн гол дэмжихгүй байгаа асуудал нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Учир нь энэ хуулийн төслийн 7.1.37 дээр ЭМД-ын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах эрхийг Засгийн газар энэ хуулиар авах гэж байна. Гэтэл ЭМД-ын хууль гэж бий, ЭМД-ын тусламж үйлчилгээний хууль гэж бий. Бичилтийн хувьд дээрх хуулиудад өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой байтал тэр хуулиа царцаагаад Засгийн газар журам гаргаж хууль тогтооно гэж байхгүй. УИХ-аас хууль тогтоох эрхийг Засгийн газар булаан авах гэж байна. Ийм боломжийг олгож болохгүй. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчинө."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ