https 208
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021.10.14
Хүний эрх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.

Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 33 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулах шаардлагатай гэж хууль тогтоогчийн хувьд үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хэрэв шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Ийнхүү прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг байсан асуудлыг бодитойгоор хэлэлцэх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцолсон.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.  

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд хэргийг буцаахгүй байхаар тусгасан байх бөгөөд ингэснээр бусдад ял завших боломж үүсгэх эсэх талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт гаргуулах ажиллагааг прокурорт даалгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан үе шатуудыг зөрчиж, хуулийн зөрчил үүсгэж болзошгүй талаар, түүнчлэн шүүх хуралдааны явцад гэрч, хохирогч нь мэдүүлгээсээ татгалзах, эсхүл өөрчилсөн тохиолдолд хэрхэх талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал хууль хяналтын байгууллагын албан хаагчид хэргийн бодит байдал, нотлох баримтыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж бусдад ял завших боломж олгох асуудлыг зогсоох, нотлох баримт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй тул шүүхийн шат руу шилжүүлэхгүйгээр шийдвэрлэх, түүнчлэн хэргийг зөвхөн анхан шатны шүүхээс буцаадаг байхаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль батлагдсанаар ял завших боломжийг олгох, хүнийг хилс хэргээр шийтгэх, хэргийн бодит байдлыг тогтоохгүй байх зэрэг сөрөг үр дагавар үүсэж болзошгүй хэмээгээд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцүүлгийн үед харгалзан үзэх нь зүйтэй хэмээсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөрдөн шалгах, хяналт тавих, шүүн таслах чиг үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын хууль хэрэглээний нэгдмэл байдал хангагдах хүртэл хэргийг анхан шатны шүүхээс буцаадаг зохицуулалтыг төсөлд тусгах талаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд олны анхаарал татсан хэргүүд шүүхийн шат руу шилжихгүй байх магадлалтай, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараагаар орох томоохон хууль тул хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог хэлэлцүүлгийн шатанд хангаж ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа тул хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил холбогдох байгууллагуудын саналыг авч, тэдгээрийн оролцоог ханган ажиллах шаардлагатайг онцолж, хэргийн хохирогч давхар хохирч, гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль хяналтын байгууллагын албан хаагчидтай тохиролцон ял завших боломж үүсэж болзошгүй талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан санаатайгаар нотлох баримтыг дутуу бүрдүүлэх, шүүхийн шатанд нотлох баримтыг гаргаж өгөх, гэм буруугаа хүлээх зэрэг асуудлууд үүсэх боломжтойг анхааруулж, хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг олон талаас нь нягтлан үзэх шаардлагатай гэсэн санал хэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ