2021.10.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Энхбаяр: Зөвхөн тоон гарын үсгээр өв залгамжлал, гэрээслэл хүчин төгөлдөр болно гэж хийгээгүй биз дээ

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаарЦахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Байнгын хороо байгуулагдаж, Н.Учрал гишүүн ахлаж цахим шинэчлэлийн гол хуулиудад манлайлал үзүүлж ажиллаж байгаад баяртай байна.

Тоон гарын үсэг нь тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниудад хураамж төлж, төр өөрөө хийхгүй хувийн хэвшилтэй түншлэх байдлаар дэмжиж зарчмаа явуулж байгаа. Эхний асуулт нь хувийн хэвшил хэт ашиг олох зорилгоор явчих, цаашид үнээ хяналтгүйгээр бизнесийн зорилгоор нэмж явах боломжийг хаах чиглэлийн ямар зохицуулалт байгаа вэ?

Хоёрдугаарт, цахим гарын үсгийн хувьд манай эрх зүйн тогтолцооны ялгаа гэх үү, уламжлал шинэчлэлийн ялгаанууд байх шиг байна. тухайлбал, таван жилийн өмнө Нобелийн шагнал авсан Германы эрдэмтэн, докторын бүтээлд газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системд цаасан технологи найдвартай их сурвалж болно. Энэ чиглэлд блокчейн технологийг ашиглахдаа болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн юм билээ.

Яагаад ийм дүгнэлт хийсэн гэхээр 2009 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн, АНУ-аас үүсэлтэй моргейжийн зах зээлд англи-саксоны тогтолцоо нотариатын тогтолцоогүй учраас энэ салбарт илүү их зээл олгож байвал сайн гэдэг. Банк-иргэн гэсэн шууд тогтолцоотой учир тэнд хямралд илүү өртсөн гэсэн дүгнэлт гарсан. Харин их газрын тогтолцоо буюу яг нотариатын тогтолцооны үндэс болсон Франц, Герман улсууд хямралд харьцангуй баг өртсөн шалтгааных нь нэг нь эрсдлээс хамгаалсан нотариатын тогтолцоотой байсан учраас гэсэн дүгнэлт гарсан нь надад их сонирхолтой санагдаж байсан.

Үүнд тэр улсууд тоон гарын үсгийг ямар тохиолдол, нөхцөлд ашиглаад байна гээд үзэхэд яг тоон гарын үсгээр гэрээгээ баталгаажуулалгүй, дунд нь гэрээслэл үлдээж байгаа, өв залгамжлал үлдээж байгаа, хоёр өөр улсад итгэлцэл байгуулж байга этгээдэд 2 тал, нотариат өөрөө оролцоод нэгдүгээрт бичлэг хийж, тэр бичлэгийг эх хувиар нь нотариат дээр нь хадгалж, маргаан гарвал тэрхүү эх бичлэг нотлох баримт болно гэж үздэг юм байна. тэгэхээр зөвхөн гарын үсгээр биш давхар бичлэгээр баталгаажуулж гэрээ хийдэг зохицуулалтыг хаачихаагүй биз дээ гэж асуумаар байна?

Зөвхөн тоон гарын үсгээр өв залгамжлал, гэрээслэл хүчин төгөлдөр болно гэж хийгээгүй биз дээ? Энэ маш эрсдэлтэй юм байна лээ. Өөрөөр хэлбэл тоон гарын үсгийг 3-дагч этгээд хакердах, хуурамчаар үйлдэх эрсдлээс компани ганцаараа сэргийлж чадахгүй учраас дунд нь заавар бичлэг хийж баталгаажуулдаг тогтолцоо байдаг. Манайх үүнийг хаачихаагүй биз дээ?

Франц ч бай, Герман ч бай тоон гарын үсэг хийж байгаа IT програмаа ямар ч гадны компаниар хийлгэдэггүй юм байна лээ. Хувийн компаниар хийлгэдэггүй. Яагаад гэвэл бид хэдэн зуун сая хүний, хэдэн зуун саяар үнэлэгдэх хөрөнгийг эрсдэлд оруулахгүй учраас програмаа үндэсний компаниар хийлгэдэг. Үүн дээр ямар зохицуулалт байна вэ?

Б.Энхбаяр гишүүний асуултад Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Н.Учрал гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ