ХЗБХ: Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн танилцуулгыг сонсов
2021.11.02
Хууль, эрх зүй

ХЗБХ: Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн танилцуулгыг сонсов

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдийн (2021.11.02) хуралдаан 10 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. Эхлээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, байр сууриа илэрхийлж байв. Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан талаар Ц.Сэргэлэн гишүүн дуулгасан. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан тус ажлын хэсэг хуралдаж, зарчмын байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзсэн гээд тэрбээр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ оноор дуусгавар болно.

Цар тахал буюу онцгой нөхцөл байдлын үед л Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байх ёстой атал энгийн үед ч цар тахлын үеийн бүтцээ хадгалах зорилгоор эл төслийг оруулж ирсэн гэж харж байна. Ердийн нөхцөлд хил, хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тэднээс илүү эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох гэж байгааг анхаарах нь зүйтэй” гэлээ. Төслийн зохицуулалтаар цааш үргэлжилвэл хил, гаалийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн.

Цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид боомт дээр үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлав. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь хил, гааль дээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин тэнд үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл дэх Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрмжийн ашиглалтын хяналтыг хариуцах талаар нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг боловсруулаад байгаа гэв. Харин “онцгой эрх”-ээ тухайн боомт дээр онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх заалт нэмэх байдаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрмжийн ашиглалтын хяналтыг хариуцах асуудлыг нэмж тусгах тохиолдолд төслийг дэмжихээ Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Мөн төслийн хэлэлцүүлэгт хилийн байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн төслийн 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан хэлэлцүүлэг явуулсны дараа санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсов

Байнгын хорооны хуралдаанаар үргэжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонссон бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Бямбадулам танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 44 зүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэхэд эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах эрх хэмжээ байхгүй гэдгийг эхэнд нь дурдав. Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүргийн дагуу Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх хүрээнд дараах лавлагаа, мэдээллийг танилцуулсан юм.

Ерөнхийлөгчөөс 2021 оны хоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан бөгөөд мөн оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүсэлтийн шаардлагыг өөрчилсөн байна.

Энэ дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн 2021 оны 3 дугаар дүгнэлтээ гаргаж, тухайн заалтуудыг түдгэлзүүлсэн юм. Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг мөн оны тавдугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг баталсан.

Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэхээс өмнө буюу 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзаж байгаа талаарх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

Энэхүү хүсэлтийг нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авахаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд өргөдөл, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргах нь нээлттэй болохыг дурдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна. 1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр…” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг “…Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Бямбадулам танилцууллаа. Энэхүү зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай Улсын Их Хурлын тогтоолын үндэслэлийг хэлэлцэж, маргааныг эцэслэн шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалттай гэдгийг тайлбарласан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг “…Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэж заасан байдаг байна.

Цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд өргөдөл, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргах нь нээлттэй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлт, Улсын Их Хурлын 2021 оны 41 дүгээр тогтоолыг хамтад нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Хууль тогтоомжид заасан цэцийн их суудлын хуралдаанаас гарах шийдвэр нь цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр буюу дүгнэлт, эсвэл Улсын Их Хурлын тогтоолын аль нэг нь хүчин төгөлдөр үлдэх хуулийн зохицуулалттайг эрх зүйн дүгнэлтэд дурдсан байв. Түүнчлэн хүсэлт гаргагч маргаан хянан шийдвэрлэх явцад хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд түүний үр дагаварын талаар хэрхэн, ямар процессоор шийдвэрлэх талаар хуульд тодорхой, нарийн зохицуулалт байхгүй гэжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Хуралдаанаас гаргах дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар; маргааныг эцэслэн шийдвэрлэхээр дахин хянаж байгаа хуралдаанаас гаргах тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана” гэж заасан байдаг аж. Хууль тогтоомжид зааснаар цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргах дүгнэлтийг олонхийн саналаар, их суудлын хуралдаанаас гарах тогтоолыг дийлэнх олонхийн саналаар гаргана гэсэн байна. Гэтэл цэц 2021 оны 2 дугаар тогтоолыг “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 31, 32 дугаар зүйлд тус тус зааснаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг удирдлага болгон …” гэж заасан байна.

Дээрх лавлагаа, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр, С.Амарсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Мөн танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсов.

Арван нэгдүгээр сард хуулийн 7 төсөл, УИХ-ын тогтоолын 1 төслийг хэлэлцэхээр цаглавар баталлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Товлолт хугацаанд тус Байнгын хороогоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд болон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг нээлттэй хэлэлцэхээр Байнгын хорооны төсөлд тусгасан байна.

Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Харин Ж.Сүхбаатар гишүүн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн товыг өөрчлөх санал хэлэв. Ц.Мөнх-Оргил гишүүн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн товыг өөрчлүүлэх санал гаргасан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ