https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа

Улсын Их Хурал өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийг баталлаа.

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн төсөл санаачлагч нь тодорхойлсон байдаг.

Генетикийн нөөцийн тухай хуулийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажилласан юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шинэхэн батлагдсан хуулийн талаар өөрийн цахим хуудастаа онцлон нийтэлжээ.

Тэрээр: Монгол орон эрс тэс уур амьсгалтай, байгалийн бүс, бүслүүрийн онцлогт дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэг улс.

Үүний зэрэгцээгээр Монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал маань байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлэн хадгалж ирсэн ард түмний нэг билээ.

Биологийн нөөцийн хувьд Монгол орны ургамлын аймагт нийт 7315 зүйл бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээрээс нэн ховор ургамлын 133 зүйл, ховор ургамлын 355 зүйл, эндемик буюу унаган ургамлын 120 зүйл байна.

Амьтны аймгийн хувьд өөр хоорондоо ялгаатай 141 зүйл хөхтөн, 486 зүйл шувуу, 22 зүйл мөлхөгч, 6 зүйл хоёр нутагтан, 74 зүйл засаг, 13000 зүйл шавьж бүртгэлтэй байна. Эдгээрийн 32 зүйл нэн ховор, 76 зүйл ховор амьтан байна.

Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй байсан. Манай орны ургамал, амьтан ховордож байгаа гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомстол доройтлоос үүдэлтэй байгаа.

Генетик нөөцийн тухай хууль баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм хэмээн нийтэлжээ.

ШИНЭ МЭДЭЭ