МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15
Улстөр

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2022.11.14) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 75 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

 

Хуралдааны эхэнд “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах” тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Хянан шалгах түр хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоолоор байгуулсан шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Орших, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын ахлах аудитор Б.Хишигтогтох нарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны шинжээчээр хоёр сарын хугацаагаар томилохоор тогтоолын төсөлд тусгасныг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Т.Доржханд, Н.Ганибал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах” тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүднээс газар дээрх шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах, Ажлын хэсгийн удирдамжийг батлах, хяналт шалгалтын ажлын хэсгийг шуурхай ажиллах боломжоор хангахыг холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох зэрэг асуудлыг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Ганибал нар асуулт, асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулав.

Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө

ШИНЭ МЭДЭЭ