МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Дараа жил олох орлогыг тухайн жилдээ олох боломж нээгдэнэ
2022.04.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Дараа жил олох орлогыг тухайн жилдээ олох боломж нээгдэнэ

Булган аймагт "Шинэ хөдөө" төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус төслийг санаачилж, өдгөө ажил хэрэг болоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Тэрээр үйл хэрэг болгож эхлүүлсэн төслийнхөө эргэх холбоо, үйл явцтай танилцахаар тойрогтоо ажиллаад ирлээ.

"Шинэ хөдөө" хөтөлбөрийнхөө хүрээнд "Баялаг фийд" компанитай хамтран Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Бүрэгхангай сумдаас нэг нэг малчин өрх сонгон тус бүр 100 хурга хүчит тэжээлээр тэжээх турших ажлыг эхлүүлжээ.

"Баялаг фийд" компани нь өсвөр бага малыг тэжээж тухайн жилд нь борлуулдаг гадны туршлагыг Монголдоо нэвтрүүлэх талаар санаачилга гарган ажиллаж байгаа юм. Тус компани 2018 оноос хойш тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд өөрсдийн гаргасан тэжээл дээр үндэслэн "Чинээлэг малчин" хөтөлбөрийг Говьсүмбэр аймагт амжилттай хэрэгжүүлсэн нь малчдын талархлыг хүлээсэн.

Тус компанийнхан Сүхбаатар аймагт хурга бордож тэжээсэн нь үр дүнд хүрсэн байна. Иран Улс руу 100 тн хурганы мах гаргасан бөгөөд цаашид хурганы махны маш том зах зээл байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүнд танилцуулжээ.

Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ "10-15 хоногтой хургыг тэжээлд оруулснаар хавар гарсан хургыг жил дамнуулахгүй борлуулж дараа жил олох орлогыг тухайн жилдээ олох боломж нээгдэж байгаа юм. Энэ нь сүргийн бүтцээ өөрчлөн төллөх малаараа дагнах, хонийг олон жил маллаж үргүй зардал гаргадгийг больж малчны хөдөлмөрийг хөнгөлөх, бэлчээрийг зохистой ашиглах гээд олон талын ашигтай. Нэг кг хурганы тэжээлийн үнэ 1500 төгрөг буюу нэг тн нь 1,5 сая төгрөг. Тэгвэл хургыг хавар ногоо гартал хоёр сар тэжээхэд нэг хурганд 18000 төгрөгний тэжээл зарцуулагдаж намар 10 сард хурга 40-45 кг жинтэй болж борлогдох хэмжээнд очно. 

ЭНЭ УДААГИЙН ТУРШИЛТААР ДЭЭРХ СУМДААС ТАВАН ӨРХ СОНГОН БАЯЛАГ ФИЙТ КОМПАНИ ӨРХ БҮРД НЭГ НЭГ ТН ТЭЖЭЭЛ ӨӨРСДИЙН ЗАРДЛААР ХҮРГЭЖ ӨГЛӨӨ. ДЭЭР НЬ ТЭЖЭЭЛИЙН ҮНЭНЭЭС 30 ХУВЬ ХӨНГӨЛСӨН. ҮЛДСЭН НЭГ САЯ ТАВИН МЯНГАН ТӨГРӨГИЙГ МИНИЙ БИЕ ТАЛЫГ НЬ, МАЛЧИН ТАЛЫГ ТӨЛЖ ЭНЭХҮҮ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ" ГЭЖЭЭ.

ШИНЭ МЭДЭЭ