НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ
2022.04.14
Барилга, Хот байгуулалт

Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-аас энэ онд хэрэгжүүлэх долоон төслийг дэмжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Тодруулбал, “Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тослогооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Шувуут нуур, Мод үржүүлэг гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хангарди терминал байгуулах төсөл нь баруун болон төвийн 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол, оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч үйлчлүүлэгчдийн амрах байраас бүрдэнэ. Харин төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулснаар ажлын байр нэмэгдэж, нийслэлд татварын орлого төвлөрүүлж, төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг тодорхой хувиар бууруулах юм.

Мөн Сонгинохайрхан уулын бэлд “Шувуут нуур”, Мод үржүүлгийн газар байгуулснаар ногоон байгууламж нэмэгдэн, хүн бүрийн очих дуртай газрын нэг болж, төслөөс орох орлого бүрийн гурван хувийг экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчны эерэг нөлөөллийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлууд болох замын хэт ачаалал, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг бууруулахад чухал түлхэц болох юм.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажилтай нийцүүлэн, тооцоо, судалгааг хийх, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо. Мөн бусад төслийн хувьд дэмжин ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болгов.

Авто зам сэтлэх, орц, гарц гаргах эрх зүйн бичигт өөрчлөлт оруулахаар болов

Авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах ажлын эрх зүйн баримт бичгийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.

Улаанбаатар хотод авто замын зурвас газар, инженерийн шугам сүлжээ шинэчлэх, шинээр байгуулахдаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам, 2017 оны А/300 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/192 дугаар тушаалыг мөрдлөг болгодог. Дээрх захирамж, тушаалын хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж зохион байгуулахаар тусгасан байдаг боловч бодит байдал дээр Нийслэлийн Замын хөгжлийн газар голлон ажилладаг байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсдэг аж.

Хотын дарга нэг жил зам тавьдаг, дараа жил нь тавьсан замаа хуулдаг. Стандартын дагуу зам тавьж чаддаггүй гэдэг асуудал байнга яригддаг. Мөн үүнээс болж төсвөөс гаргаж байгаа зардал үр дүнгүй болдог. Иймээс холбогдох байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ыг Авто замын тухай, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн холбогдох заалтуудад нийцүүлж, зөвхөн авто зам, замын байгууламжид хамаарах хэсгийг Нийслэлийн Замын хөгжлийн газар зохион байгуулахаар тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжуудад өөрчлөлт оруулан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнд үүрэг болгов.

ШИНЭ МЭДЭЭ