ҮЭ-ийн сонгуульт ажилтны хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа сэдэвт сургалт боллоо
2022.06.15
Хүний эрх

ҮЭ-ийн сонгуульт ажилтны хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа сэдэвт сургалт боллоо

МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “ҮЭ-ийн сонгуульт ажилтны хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа сэдэвт сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Цахим, танхим хосолсон энэхүү сургалтын гол зорилго нь ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан, ажилтнуудын хүний эрх, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ҮЭ-ийн үйл ажиллагаанд анхаарах асуудлыг хэлэлцэхэд чиглэж байв. Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал хүний эрхийг хамгаалдаг ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудад хүний эрхийн тухай ойлголт, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ойлгож мэдэх нь маш чухал гэдгийг онцолсон бол ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах фонт, хөдөлмөрлөх эрх, нэгдэн орсон гэрээ конвенцын хэрэгжилтийн талаар дурдаж байсан юм.

Сургалт хөтөлбөрийн дагуу ХЭҮК-ын ахлах референт Х.Цэцгээ, “Эмнести интернэшнл” ТББ гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуулийн хэрэгжилтийн хүрээнд анхаарах асуудал сэдвээр хичээл зааж оролцогчдын асуултад хариулт өглөө.   

Сургалтын төгсгөлд оролцогчид багаар ажиллан ҮЭ-ийн сонгуульт ажилтны хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд дараах асуудлууд тулгамдаж байна гэж үзэв. Үүнд: Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ажлын ачаалал их, тэгш бус байдал, нэр төрд халдах, хууль эрх зүйн хэрэгжилт муу, ҮЭ-ийн хороодын дарга, гишүүдэд,  ажил олгогчийн зүгээс дарамт шахалт их байдаг талаар онцолж байсан юм. Мөн дээрх асуудлыг шийдвэрлэх арга замд хууль эрх зүйн орчинг сайжруулах, ҮЭ-ийн эрхийн тухай хуулийг шинэчлэх зэргийг дурдлаа.

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Төв, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хэнтий, Говь-Алтай  аймгуудын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл цахимаар, салбарын ҮЭ-ийн холбоодоос Монголын Барилгачдын ҮЭХ, ХХААБОА ҮЭХ, МТХГТА ҮЭХ,  Монголын Нэгдмэл ҮЭХ, МЭМАҮЭХ, МОСНААҮА-ны ҮЭХ, МААХҮЭХ, МТЗ ҮЭХ, МЭХГУУ-н ҮЭХ-дын удирдлага, аппаратын ажилтан 65 хүн хамрагдав.

ШИНЭ МЭДЭЭ