МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Ж.Бат-Эрдэнэ: 2027 оноос буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй
2022.11.30
Зам, Тээвэр

​Ж.Бат-Эрдэнэ: 2027 оноос буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Авто тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. УИХ хуулийн төслийг хэлэлцээд явж байсан ч гацчихсан. Тэгвэл Засгийн газар болон УИХ-аас ажлын хэсгийн ахлагчид хуулийн төслийн хэлэлцүүлгийг сэргээх үүрэг өгчээ.

Тус хуулийн гол өөрчлөлт нь буруу талдаа хүрдтэй авто машиныг халж, зөв хүрдтэй авто машинтай болох. Мэдээж хэдхэн жилийн дотор бүх машинаа зөв хүрдтэй болгож чадахгүй. Тиймээс 2027 оноос буруу талдаа хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх концевцыг ажлын хэсгийн ахлагч танилцуулж, дэмжигдсэн байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Манай улс эрт, орой буруу талдаа хүрдтэй машинаа халж таарна. Гэхдээ хугацаа өгье. Хуульдаа бол буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй гэж байгаа. Бүртгэхгүй гэдэг хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Хөдөлгөөнд оролцохгүй гэдэг нь хилээр дахиж оруулж ирэхгүй гэсэн үг. Тиймээс бүртгэхгүй гэдэг заалтыг 3-5 жилээр сунгая гэсэн санал оруулсан. Таван жилээр бодоход 2027 оноос гэсэн үг. Харин одоо байгаа машинууд  хөдөлгөөнд хэвийн оролцоод явна. Буруу хүрдтэй машин гэхээр дандаа япон машинууд болчихоод байгаа. Зөв хүрдтэй л бол ямар ч улсад үйлдвэрлэсэн машин оруулж ирж болно шүү дээ” гэв.

Тус хуулийн өөрчлөлт замын түгжрэлийг бууруулахтай холбоогүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Зөв талдаа хүрдтэй машинтай болсноор аюул, осол аваарыг бууруулах зорилготой аж. Манай улс энэ жил л гэхэд 477 хүнээ авто машины ослоор алджээ. Тиймээс зөв талдаа хүрдтэй авто машинтой болсоноор осол, аваар багасна гэж үзэж байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ