НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гарааш чөлөөлсөн 85 байршилд тохижилтын ажил хийгээд байна
2023.05.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Гарааш чөлөөлсөн 85 байршилд тохижилтын ажил хийгээд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгахыг үүрэг болгосон.

Хоёр жилийн хугацаанд 7981 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 190 байршилд 4543 гарааш чөлөөлөөд байна. Мөн 2134 гарааш буулгасан 89 байршилд тохижилтын ажил хийжээ. Газар чөлөөлөлтийн ажил 49 хувьтай байгаа бөгөөд буулгасан байршил дахь тохижилтын гүйцэтгэл 46.6 хувьтай байгаа юм.  Түүнчлэн гарц, орц хаасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байгаа явган хүний зам дээрх 82 шонг нүүлгэн шилжүүлжээ.

2023 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, цэцэрлэгийн нийт 132 байршилд 1,354,000 ам метр буюу 135.4 га талбайд арчилгаа хийнэ. Үүнээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбай, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн байгууллага 88 байршилд 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийх юм.

Энэ онд инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн найман ажлыг гүйцэтгэх юм. Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажил хийхээр төлөвлөөд байна.

Сонгинохайрхан дүүрэгт есөн сургууль, 12 цэцэрлэг ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танилцуулав. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс сургуулийн 15 барилгын ажил байгаа юм. Тодруулбал, үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна.

Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр суудлын тоо 4660-аар нэмэгдэнэ. Мөн он дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Дүүргийн хэмжээнд 1400 орчим гарааш чөлөөлсөн бөгөөд зургаан талбайд тохижилт хийжээ. Хотын дарга ногоон байгууламж, тохижилтын ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг тодотгож байв.

Гарааш чөлөөлсөн байршилд барилга барих нэг ч зөвшөөрөл олгоогүй

Үүний дараа Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Гарааш чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлсөн. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдаад байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа. Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна хэмээлээ.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлтийг түргэн, шуурхай шийдвэрлэж байгааг хэлж байв. Өмнө нь мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ долоо хоногоос хоёр удаа зохион байгуулж байна.

 “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аян зохион байгуулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг дэмжинэ, гэхдээ чанар, аюулгүй байдлыг анхаарах ёстой гэдэг үүднээс тус аяныг зохион байгуулж байгаа. Хууль, тогтоомж, стандартыг үйлчилгээний байгууллагуудад танилцуулж, зөвлөн туслахад анхаарна” хэмээсэн юм.

Хотын дарга хугацааг онцгой анхаарч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэхэд анхаарах ёстойг онцолж байлаа.

Хүнсний салбарт ажиллагсдын үзлэг, шинжилгээний үнийг бууруулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд нэгдсэн байдлаар хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш:

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнсний сүлжээнд ажиллаж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний жишиг үнийг тогтоосон.  Энэ жишгийн дагуу 80 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Хотын даргын хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр гарсан саналын дагуу урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулсан.  Мөн салбарын яамд жишиг үнийг бууруулах, үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн төвөөс гадна итгэмжлэгдсэн хувийн лабораториор хийлгэх санал хүргүүлсэн гэлээ.

810 автобусыг аравдугаар сараас өмнө оруулж ирэхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулав. Тэрбээр “Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна. Тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус орж ирнэ. Ажлуудаа шахаж, аравдугаар сараас өмнө автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна" гэлээ.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гарааш буулгасан талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:

  • “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах.
  • Гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
  • “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох.
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажил болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа өргөдөл, гомдол ирж байгаатай холбогдуулан ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ