НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл илэрхийлэв
2023.09.18
Барилга, Хот байгуулалт

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл илэрхийлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.

Энэ дагуу энэ сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Р.Дагва, Б.Сүхбаатар, Г.Гангамөрөн, Л.Ариунтуяа, С.Эрдэнэбаяр, Ч.Мэндбаяр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага болон нутгийн иргэд гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү 5 настай Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, жил бүрийн намар хүндэтгэл илэрхийлдэг болсон.

ШИНЭ МЭДЭЭ