2023.06.20
Барилга, Хот байгуулалт

Ашиглалтын шаардлага хангахгүй долоон орон сууцыг буулгаж, шинээр барина

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарчээ. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан тус компанид өнөөдөр батламжийг нь гардуулж, төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг хүслээ.

Тус 100 айлын цагаан байрнуудыг 1947 онд барьсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт анх 2009 онд гарсан байдаг. Тухайн үед “Гэзэгийн худаг” компани иргэдтэй хоёр талт гэрээ хийсэн боловч төсөл амжилтгүй болж, айлууд гэр оронгүй болж, хохирчээ. Хохирсон иргэдийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь түрээсийн орон сууцаар хангасан байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас тус байрнуудыг нурааж, шинээр барилга барихаар 2018 оноос хойш 21 удаа тендер зарласан нэг ч компани материал ирүүлээгүй. Иймээс 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д шилжүүлжээ.

Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-352 өрх буюу 1400 орчим иргэн орох оронгүй, амьдрах орчин нөхцөл хүнд, хотын төвд хэрнээ гаднаа 00-той, халуун усгүй 14 жил амьдарсан. Манай зүгээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай олон удаа уулзаж, мэдээлэл солилцон, төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласан. Үүний дүнд төслийг “Мөнх ариун булаг” ХХК хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийг түрээсийн сууцаар хангах үүргийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК хүлээж байна гэлээ.

 “Мөнх ариун булаг” ХХК-ийн ерөнхий захирал Х.Баярбаатар:

-Төслийн хүрээнд 42 сарын хугацаатай долоон блок барилга барина. Эхний 18 сард нэг болон гуравдугаар байрыг ашиглалтад оруулах юм. Төсөл хэрэгжсэнээр долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбайтай, 900 айлын орон сууц ашиглалтад орно. Мөн тоглоомын талбай, чөлөөт талбай, ногоон байгууламж бүхий тохижилтыг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар тооцож төлөвлөсөн гэлээ.

Тус байрнуудын иргэд нэгдэн “Ирээдүйн 100 айл” ТББ-ыг байгуулсан бөгөөд төрийн байгууллагуудын зүгээс анхаарал хандуулж, өнөөдөр төсөл хэрэгжих болсонд талархаж байгаагаа илэрхийлж байв.

ШИНЭ МЭДЭЭ