М.ГОВЬСАЙХАН: ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ НЬ ХЭМЖИГДЭХГҮЙ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОНО
“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал
2023.11.08
Барилга, Хот байгуулалт

М.ГОВЬСАЙХАН: ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ НЬ ХЭМЖИГДЭХГҮЙ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОНО

Гэр хорооллыг орон сууцжуулахаар хэрэгжүүлж буй шинэ хэрэгжих бодлого, шийдвэр, зорилтын талаар тус корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа. Тэрбээр Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлд шинэлэг арга барилаар ажиллаж, барилгажилтыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа талаар онцлон ярив.

Та НОСК-ийг удирдан чиглүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж бодит үр дүн гарсан ажлуудаасаа танилцуулна уу?

НОСК нь Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ суурьшлын бүсийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд НОСК энэ чиглэлд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын хувьд нэг төвт хотоос, олон төвт хот болох үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Нийслэл хотод шийдэх шаардлагатай нэн тэргүүний асуудал нь автозамын түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдлын асуудал болоод байна. Учир нь төвийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ихэнх төр, бизнес, банк санхүүгийн байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс хотын төвлөрлийг сааруулах чиглэлд гэр хорооллын бүс нутагт буюу нийтдээ зургаан дүүрэгт, тус тус дэд төвүүдийг бий болгож, дэд бүтэцжүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд явж байна.

Дэд төвүүдийг байгуулах нь ажлын явц хэр байна. Дахин төлөвлөх ажилд дэд төв байгуулах нь ямар ач холбогдолтой бол?

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Азийн Хөгжлийн Банкны Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Сэлбэ болон Баянхошуу гэсэн хоёр дэд төв ашиглалтад ороод байна. Дэд төвүүд нь олон давуу талтай. Тухайлбал, тухайн бүс орчмын дулаан, цахилгаан болон цэвэр бохир усны хангамж бүрэн шийдэгдэж буйгаар өндөр ач холбогдолтой. Өнөөдөр ашиглалтад ороод байгаа дэд төвүүд маань нийт хүчин чадлынхаа 20 орчим хувийг л ашиглаж байна. Цаана нь бидэнд 80 хувийн дэд бүтцийн эх үүсвэр бий. Үүнийгээ түшиглэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Нийслэл хотод дулаан, цахилгааны эх үүсвэр дутагдалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Дулааны цахилгаан станцуудын өргөтгөлийн үйл ажиллагаанд дор хаяж таван жил орчмын хугацаа шаардагдана. Тиймээс одоо байгаа нөөц бололцоо дээрээ тулгуурлан хэсэгчилсэн бие даасан эх үүсвэрийг ашиглан дэд бүтэцжүүлэх ажлыг Нийслэлийн зүгээс хийж хэрэгжүүлэх хийх зайлшгүй шаардлагатай.

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд иргэдийн итгэл алдарсан. Хот төлөвлөлт буруу байснаас үүдсэн гор өнөөдөр гарч байна гэж харагдах юм?

НОСК нь 2023 онд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг дахин төлөвлөн, орон сууцжуулахтөсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсаныг хэлэх нь зүйтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явагдаж ирсэн. Амжилттай хэрэгжиж буй төслүүд ч байна. Удааширч, зарим нь бүр зогсож иргэдийг хохироож буй төслүүд ч байна.

Үүнд авууштай зүйл их ч, дутагдалтай зүйл ч цөөнгүй бий. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн итгэл үнэмшил буурсан нь нууц биш. Бид нь үүн дээр голчлон анхааран ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт өнгөрсөн хугацаанд иргэн, ААН хоорондын гэрээний үндсэн дээр хийгдэж ирсэн. Газартай иргэн, төсөл хэрэгжүүлэгч барилгын компани буюу ААН хоорондоо гэрээ хийгээд явдаг байсан гэсэн үг. Төлөвлөлтгүй хороолол, хотхон бий болсон нь үүнээс эхтэй. Иргэд ААН-д газраа зараад явчихдаг. Нөгөөх нь төсөл хэрэгжүүлэх явцдаа санхүүгийн хүндрэл зэрэг олон асуудлаас болоод товлосон хугацаандаа барилгаа өгдөггүй, дээрээс нь төслөө бусдад дамжуулах, худалдах гэхчлэн олон асуудал гаргадаг. Үүнээс үүдэн хашаа байшингаа буулгуулчихсан иргэд түрээсийн мөнгөө авч чадахгүйд хүрэх гээд хохирох тохиолдол маш ихээр гарсан.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замын орц гарц буюу иргэдэд зориулсан нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж барих газар үлдээлгүй буруу төлөвлөлт бий болсон. Энэ нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг удаашралтай, хүндрэлтэй нөхцөл байдалд оруулдаг.

Төрийн дунд шатны эрх бүхий байгууллагууд нь төлөвлөлтийнхөө дагуу хяналтыг тавьдаггүйгээс анх олгосон зөвшөөрлийн дагуу барилга нь баригддаггүй, газрын зориулалт болон төлөвлөлтийг дахин өөрчилж зөвшөөрөл олгодог, чанаргүй барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авдаг гээд тал, талын буруу үйл ажиллагаанаас үүдсэн алдаа завхрал байна. Үүний эцсийн хохирогч нь нийслэл хотын оршин суугчид. Иймээс дахин төлөвлөх үйл ажиллагааг нийслэл хотын хэмжээнд Нийслэлийн орон сууцны холбогдох байгууллагууд болох Орон Сууцны Бодлогын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн мэргэжлийн байгууллага хоорондын хэлэлцээрийн үр дүнд түр зогсоож, 2023 оноос эхлэх дахин төлөвлөлтийн ажлуудыг НОСК хариуцан ажиллаж байна.

Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд НОСК оролцож буй нь ямар давуу талуудыг үүсгэж байна?

Бид дахин төлөвлөлтийг бүтэн байршлаар зураг төслийн ажлыг хийж байна. Тухайлбал, Сэлбэ дэд төв дээр 158 га талбайд шинэчилсэн байдлаар төлөвлөлтийг хийсэн. Өмнө нь 2015 онд Хот байгуулалт, хөгжийн газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байдаг. Баянхошуу дэд төвийн хувьд 162 га талбайд төлөвлөлтийг алдагдуулалгүйгээр орон сууцны хороолол, хотхон бий болох хэрэгжилт дээр нь хяналт тавих давуу талтай. Барилгажилтын төслийг блоклосон байдлаар хийж байгаа. Ингэснээр өмнө нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч байгууллага, хөгжүүлэгч компаниуд оролцолгүйгээр, барилгын компаниуд оролцдог байсан нь санхүүгийн хүндрэлд орж төсөл удаашрах цаашлаад зогсох эрсдэлд ордог байсан.

Төслөө бусдад дамжуулдаг, худалддаг, шилжүүлдэг зохисгүй байдал үүгээр эцэслэгдлээ гэж ойлгож болох уу?

Нэгдүгээрт, барилгын компаниуд өөрсдийн хүчин чадлын хэмжээгээр бидний гаргасан зураг төслийн дагуу оролцоно гэсэн үг. Нэг ёсондоо, нэгдсэн нэг зураг төслийн дагуу компаниуд өөрсдийн хөрөнгө санхүүгийн боломждоо тулгуурлаад төсөлд оролцох боломжтой. Нэг барилга барих боломжтой нь тэрийгээ, таван барилга барих хүчин чадал, нөөц бололцоотой нь түүнийгээ барина гэж ойлгож болно. Төслөө бусдад дамжуулдаг, худалддаг, шилжүүлдэг дахин төлөвлөлтийн батламж авах гэж уралддаг байдал үүгээр эцэслэгдэнэ.

Хоёрдугаарт, иргэд хохирдог асуудал нэг мөр шийдэгдэнэ. Дахин төлөвлөлтийн компаниудаас болж хохирсон иргэд нийслэлд ханддаг. Ингэж явсаар НОСК-ын түр суурьших байранд ирдэг байсан. Харин одоо бид өөрсдөө төслийг хэрэгжүүлж байгаа учраас газар чөлөөлөлтөд оролцож буй иргэдийг түр байрандаа байршуулах, түрээсийн орон сууцанд хамруулах, нэг бол газрыг нь орон сууцаар солих хөтөлбөрт хамруулах гэхчлэн асуудлыг шат дараалан эхнээс нь шийдвэрлээд явж буй.

Орон сууцаас гадна иргэдэд зориулсан нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж баригдана гэлээ?

Зөвхөн орон сууц төлөвлөхөөс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр болон тухайн орчинд шаардлагатай худалдааны төвийг багтаасан. Ер нь хүндээ ээлтэй байх талаасаа, хүний амьдралд шаардлагатай бүхий л зүйлийг цогцоор нь шийдвэрлэхэд голлон анхаар байна.

Ажлын байрыг тухайн хороололд нь байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Нэн түрүүнд тухайн хорооллын хүн амын тоотой нь уялдуулж ажлын байрыг бий болгоно. Тодруулбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар долоон буудал орчимд Партизаны сангийн аж ахуйг түшиглэсэн ногооны өргөтгөсөн худалдааны төвийг байгуулах юм. Иргэд хямд үнээр шинэхэн хүнсний ногоо худалдан авахын сацуу, лангуу эрхлэгчдэд боломж олгож буй хэлбэр юм.

Тухайн орчинд нь ажлыг байрыг бий болгох нь иргэдийн шилжилт хөдөлгөөн, зорчих урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулдаг

Дахин төлөвлөлтийн байршилд хамаарагдаж буй өөрсдийн өмчлөлийн газартай ААН-үүдтэй хэрхэн ажиллаж байна?

Энэ бол дараагийн нэг чухал асуудал. Бид дахин төлөвлөлтийн байршилд хамаарагдах өөрсдийн өмчлөлийн газар бүхий ААН-дэд бидэнтэй хамтарч оролцохыг уриалж буй. Учир нь хүний эзэмшил газар дээр шууд барилга барина гэхээсээ илүүтэй, тухайн газар нь ямар барилга байгууламж баривал зохих, энэ нь тухайн ААН-ийн төлөвлөлттэй хэрхэн нийцэж байгаа эсэхийг харилцан ярилцсанаар цаашид төлөвлөлтдөө тусгаад явах чиглэлийг барина. Ингэснээр төсөл маань алдаа мадаггүй үргэлжлэх, зөв төлөвлөлт хийхэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй хэмээн харж байна.

Түүнчлэн Нийслэл болон Засгийн газраас газар чөлөөлөлтийн ажил дээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааны үндэс суурь газар чөлөөлөлтөөс эхэлдэг. Энэ нь ихээхэн цаг хугацаа, хүндрэлтэй нөхцөл байдал, хэл ам дагуулдаг. Иргэд газраа бүрэн чөлөөлсөн тохиолдолд олон улсын хөнгөлөлттэй зээл тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшил өөрсдийн хөрөнгө оруулалтаараа орон сууцжуулах үйл ажиллагааг шийдээд явах боломжтой. Газар чөлөөлөлт дээр нь дэмжлэг үзүүлж, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж байгаа учир дараа дараагийн барилга барих, орон сууцжуулах үйл ажиллагааг хувийн ААН-үүд ч өөрсдийн хөрөнгөөрөө шийдэх боломжтой.

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах, сэргээн засварлах ажлын явцаас мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн хэмжээнд, мэргэжлийн байгууллагаас цаашид оршин суух боломжгүй гэх дүгнэлт гарсан 300 орчим барилга, байгууламж байна. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд аж төрөх нөхцөл боломжийг хааж байгаа учраас тухайн барилгуудыг хүчитгэх эсвэл дахин барилгажуулах шаардлага үүсээд буй. Орон сууцуудыг дахин барилгажуулах ажлыг Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцаж төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Улмаар хоёр байгууллага хамтран 2022-2023 он шилжих хугацаанд төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд менежментийн өөрчлөлт хийж ажилласан.

Нийт 15 ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад, 20-30 удаагийн сонгон шалгаруулалт зарласан ч компани оролцоогүй. Тиймээс Нийслэлийн Засаг Даргын захирамжаар сонгон шалгаруулах эрхийг НОСК-д шилжүүлсэн. Ингээд бид 2023 оны эхний хагас жилд багтаан дээрх 15 барилгын 12-т нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж чадсан. Нэг ёсондоо ашиглалтын шаардлага хангахгүй дээрх барилгуудыг эзэнтэй болгож шинэчлэх ажлыг амжилттай эхлүүлээд явж буйг дуулгахад таатай байна. Үлдсэн 3 дээр нь сонгон шалгаруулалтын ажил зарлагдаад явж байна.

7-8 жил үргэлжилсэн 20-30 удаагийн төсөл сонгон шалгаруулалтаар төдийлөн амжилт олоогүй байсан ажлууд НОСК-ийн гарт ирснээр зургаан сарын дотор сайн үр дүнг үзүүллээ. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, зохион байгуулалтын менежментийг НОСК хэрэгжүүлээд явах нь илүү үр дүнтэй нь үүнээс харагдаж байна.

Хуучны барилга байгууламжуудыг сэргээн шинэчлэх, барилгын насжилтыг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдэж байна ?

НОСК нь Франц улсын Парис хотын орон сууцны байгууллагатай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Парис хот нь хуучны барилга байгууламжуудыг сэргээн, шинэчлэх чиглэлд дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Франц улсын хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар хотод ирж уулзалт, семинар хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн шинэчлэх, хэрхэн өнгө үзэмжийг нь сайжруулах, тэдгээр барилгад иргэд урт хугацаанд амьдрах технологийн шийдлийг ашиглахад тус улсын нарийн мэргэжлийн инженер, архитекторуудтай хамтран ажиллаж байна.

Үүнээс гадна ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техник туслалцааны хүрээнд хуучны угсармал орон сууцны барилгуудыг дулаалах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна. Манай байгууллагын онцлог нь өдөр тутамдаа иргэд олон нийттэй харилцан, хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Энэ туршлага дээр үндэслэн тус төслийг НОСК дээр хэрэгжүүлэх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн. Дээрх төслийн ажил НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулснаар ажил хэрэг болоод явах болов уу.

Газар чөлөөлөх ажилд иргэд хэрхэн хандаж байна. Тухайн иргэн, ААН-ийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг ямар аргачлалаар үнэлж байна вэ?

Иргэд энэ асуудал дээр учиртай хандах хэрэгтэй. Газар чөлөөлөх сургаар иргэд маань нэг хашаандаа бөөгнөрөөд суучихдагаас эхлээд зохисгүй үйлдлүүд нэлээдгүй гаргадаг. НОСК-аас тухайн газрын хууль ёсны эзэнтэй газрын үнэлгээг хийн түүнийх нь дагуу орон сууцаар солих, худалдан авах үйл ажиллагааг эрхэлдэг. Дээрээс нь тухайн хашаанд байгаа бусад иргэдийг түр суурьшуулах байранд эсвэл хөнгөлөлттэй нөхцөлтэй түрээсийн орон сууцад хамруулах байдлаар шийдвэрлэнэ.

Нэг үгээр хэлбэл, газар өмчлөх, эзэмших эрхгүй хүнтэй хууль ёсны гэрээ хийх үйл ажиллагааны зохицуулалт байхгүй.

Газар чөлөөлөлт хийгдэхэд хамгийн түрүүнд хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээг хийлгэдэг. Ингэхдээ газар болон тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, бизнесийн орлого олдог эх үүсвэрийг тусгай аргачлалаар үнэлдэг. Энэхүү үнэлгээг үндэслэн НОСК-аас дараа дараагийн алхмуудаа тодорхойлдог гэсэн үг.

Танай байгууллагын эрхэлдэг томоохон ажил болох түрээсийн орон сууцны талаар мэдээлэл өгнө үү?

Нийслэл хотод Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь оршин суудаг. Үүнээс залуучууд дийлэнх хувийг нь эзэлдэг. Залуучууд бэлэн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломж тэр бүр байдаггүй. Судалгаанаас дүнгээс харахад нийт судалгаанд оролцогчдын 65 хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй, 45 хувь нь өрхийн орлоготойгоо харьцуулахад сарын төлөлт “маш өндөр” байна гэсэн дүн мэдээг дурдаж болно. Тиймээс иргэд НОСК-аас хэрэгжүүлж буй урьдчилгаа төлбөргүй, түрээслээд өмчлөх нөхцөлтэй төсөлд хамрагдах хүсэлтээ ихээр ирүүлдэг. Иргэдийн дунд орон сууцны эрэлт маш их байгаа учир бид тодорхой хэмжээнд 35 мянгад хүргээд хүсэлт авахыг түр зогсоосон.

НОГООН ОРОН СУУЦ ГЭДЭГ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОР УРШИГ БАГАТАЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ МАТЕРИАЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ.

Зөвхөн байшин барилга бариад өнгөрөх бус бусад том хотуудын сайн жишгээр түрээслээд өмчлөх хэлбэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлд бид БНСУ-ын Сөүл хот болон Кенгдү мужийн орон сууцны корпораци, Парис хотын орон сууцны нийгэмлэгтэй хамтран ажиллахын сацуу Сингапур улсын түрээсийн орон сууцны тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд эх орондоо нутагшуулах чиглэлд идэвхийлэн ажиллаж байна. Нэг ёсондоо, орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд буюу зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах арга механизмыг эрэлхийлэн ажиллаж байна.

Түүнчлэн Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй ногоон технологийг салбар бүрд нутагшуулж байна. Тэр дундаа орон сууцны салбарт тодорхой хэмжээний ногоон орон сууцыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна. Өндөр хөгжилтэй орнууд зөвхөн хот төлөвлөлтөөс гадна уур амьсгалын нөлөөллийг тооцсон хот төлөвлөлтийг хийдэг болоод байна. Бид үүнтэй хөл нийлүүлэх ёстой. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгөөр нийслэл хотод хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Баянхошуу, Цайз дэд төвийг түшиглэн нийтдээ 880 айлын ногоон орон сууцны барилгын ажил эхэлсэн. Эхний ээлжийн орон сууцууд 2024 онд ашиглалтад орно. Тус орон сууцыг түрээслээд өмчлөх, энгийн түрээс, газар чөлөөлөлтөд зориулсан гэхчлэн олон хэлбэрээр НОСК ашиглалтыг нь хариуцаад явах юм. Цаашид энэ чиглэлд олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд явж байна.

Инженерийн дэд бүтэц очих боломжгүй гэр хорооллын байршилд нарны эрчим хүчээр халаалтыг шийдсэн дулааны алдагдал багатай хайбрид хаусны загвар бэлэн болсон.

НОСК цаашдын алсын хараа, зорилго, зорилтоо хэрхэн харж байна ?

Улаанбаатар хот дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийдэг. Тухайн төлөвлөлт нь дунд шатандаа хэрэгждэггүйн дээр төлөвлөлт алдагдах, зориулалт нь өөрчлөгдсөнөөс улбаатай одоогийн хүндрэл үүссэн шүү дээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Таван ш” ажиллагааны хүрээнд газар олголт, барилга байгууламж барих зөвшөөрөл нээлттэй буюу шилэн болж байна. Хууль бус асуудлууд харьцангуй ил тод болж, дунд шатанд гардаг алдаа дутагдал, авлига, завхралын асуудлууд шийдэгдсэнээр хот төлөвлөлт буюу барилга байгууламжийн норм, дүрмийн дагуу хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг.

Гэр хороололд үүсээд буй хамгийн том асуудал нь агаар, хөрс, усны бохирдол. Гэр хорооллын хөрсний бохирдол 96 хувьд хүрсэн. Агаар орчны бохирдол ч мөн тэр хэмжээнд байна. Үүнээс үүдэн УБ хотод амьдарч байгаа нийт иргэд эм болон эрүүл мэнддээ их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулдаг нь үргүй зардал шүү дээ. Утаа болон хөрсний бохирдлоос салах хамгийн зөв шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулан, дэд бүтэцжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал.

Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ давхар ажлын байр, нийгмийн халамжийн барилга байгууламжуудыг шийдэж, төлөвлөж явахгүй бол дараа нь төсөв, хөрөнгө байгаад ч сурууль, цэцэрлэг барих газаргүй болчихдог. Тиймээс одоогийн үүсээд буй энэ нөхцөл байдалд дахин орохгүйн тулд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламжид зориулсан газруудыг одооноос төлөвлөн газар чөлөөлөлтөд хамруулж төлөлвлөх шаардлагатай. Энэ ажилд төр, мэргэжлийн болон хувийн хэвшлийн гэхээсээ илүүтэй иргэдийн оролцоо хамгаас чухал.

Иргэд маань нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй байна. Уламжлалт гэр хороололд амьдарч байгаа одоогийн нөхцөл байдлаасаа гарч, тав тухтай амьдрахын сацуу хамгийн чухал нь мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн болох эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө санхүүгийн гээд олон асуудал байдаг гэдгийг ойлгох шаардлагатай байна.

Тиймээс НОСК-ийн хувьд иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, төлөвлөлтийн хувьд зөв шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй техник, технологийн шийдлийг агуулсан орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нийслэл хотын гэр хорооллыг бүрэн орон сууцжуулах зорилго тавин ажиллаж байна.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ