НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
2023.06.21
Улстөр

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан болж байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэтгэх шалтгаантай тул өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар удирдав. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг НИТХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын бүлэг дэмжлээ. Нийслэл анх удаа үнэт цаас гаргах гэж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид төсвөөс хараат байгаа үед энэ мэт санхүүгийн олон эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн тулд зарчмын томоохон шийдлүүдийг хийж байгаа. УИХ, Засгийн газар ч урьд өмнө нь байгаагүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталснаар үнэт цаас гаргах нөхцөл бүрдсэн. Энэ бол нийслэлийн эдийн засагт том эргэлт болно. Үүнийг зөв ашиглаж, бодлогын алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түгжрэлийг бууруулах, явган зам, дугуйн зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн үнэт цаас бодит дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн олон хот үнэт цаас гаргадаг. Иймээс тулгамдсан асуудалдаа анхаарч, зөв ашиглавал зохилтой хэмээв.

Мөн нийслэл анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болсон бөгөөд тус төв олон улсын эрдэмтэн, судлаач нартай хамтран ажиллаж, нийслэлийн нийгэм, эдийн засгийн судалгааг өндөр түвшинд хийж байгаа. Иймд судалгаан дээр суурилж, шинжлэх ухаанч байдлаар хотоо хөгжүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Өдгөө Засгийн газраар журам батлуулах эхний шатыг давж, НИТХ-аар өнөөдөр хэлэлцүүлээд байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, үнэт цаас гаргахыг олонхын саналаар дэмжлээ. Гэхдээ санхүүжилтийг юунд, хэрхэн зарцуулахыг тодорхой болгох, хоорондын уялдааг хангах хэрэгтэйг тодотгож байв.

Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг энэ үеэр танилцууллаа. Тайланд нийслэлийн 226 байгууллага хамрагдсан байна. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй гэж үнэлсэн байна. Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэжээ.

Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ. Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давж биелсэн. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв.

Нийслэлийн нэгдсэн төсвийн 2022 оны зарлагын гүйцэтгэл 73.9 хувьтай байгаа  нь зардал өмнөх оноос 174.1 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Мөн 554.6 тэрбум төгрөгийн алдаа илэрсний 554.4 тэрбум төгрөгийн алдааг аудит хийх явцдаа залруулсан байна. Алдаа гэдэгт мэдээллийг тусгаагүй, тэмдэглээгүй орхисон, хайнга хандсан зэрэг багтаж байгаа аж.

Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 411.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс тайлант хугацаанд 270.2 тэрбум төгрөг буюу 65.6 хувийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, автобус авах, зам тавих, газар чөлөөлөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрлэн дохио, авто зогсоолын шинэчлэлд дээрх мөнгийг зарцуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ