"Эрхээ мэдье" анхлан мэтгэлцэгч нарын 13 дахь удаагийн тэмцээн болно
2023.10.30
Хүний эрх

"Эрхээ мэдье" анхлан мэтгэлцэгч нарын 13 дахь удаагийн тэмцээн болно

ЕБС-ийн сурагч нарт зориулсан "Эрхээ мэдье" анхлан мэтгэлцэгч нарын 13 дахь удаагийн тэмцээн албан ёсоор зарлагдлаа. Тэмцээн 2023 оны 11 сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

“Эрхээ мэдье” бол энгийн нэг тэмцээнээс ялгаатай нь хүний эрхийн өндөр мэдрэмж шаарддаг. Хүний эрхийг хэрхэн, яаж хамгаалах тухай илтгэж, мэтгэлцсэн хүн хэзээ ч хүний эрхийг зөрчдөггүй.

“Мэргэн” мэтгэлцээний клубийн төгсөгч, 2021 оны “Мэтгэлцэгчийн тэтгэлэг”-ийн эзэн, ОХУ-ын Үндэсний Судалгааны Эдийн Засгийн Их Сургуулийн 2-р курсийн оюутан Б.Анужингийн илтгэлийг хүргэж байна. 

“Мэргэн” мэтгэлцээний клубийн төгсөгч, 2021 оны “Мэтгэлцэгчийн тэтгэлэг”-ийн эзэн, ОХУ-ын Үндэсний Судалгааны Эдийн Засгийн Их Сургуулийн 2-р курсийн оюутан Б.Анужин

"Мэтгэлцээнээр идэвхтэй хичээллэж, тэмцээн бүрийг догдлон хүлээдэг байсан цаг саяхан мэт санагдана. Энэ бүх хугацаанд оролцсон олон тэмцээнүүдээс цорын ганц нулимстай хоцорсон тэмцээн бол “Эрхээ мэдье”. Хамгийн анх удаа 10-р ангидаа оролцохдоо зооноосоо ч гарч чадаагүй болохоор дараагийн удаа зохиогдоход нь заавал аварга авах болно гэсэн томоохон зорилго өвөртлөөд буцаж байсан сан. Ийнхүү хоёр жилийн дараа хүсэн хүлээсэн тэмцээн маань зарлагдаж, бид ч бэлтгэлдээ шамдан оров. Тухайн үед ердөө долоон хоногийн зайтай “Найрамдал”, “Эрхээ мэдье” тэмцээнүүд болж байсан санагдаж байна. Манай багийн гишүүд бүгд төгсөх ангийн сурагчид байсан болохоор ч тэр үү, хичээл номд дарагдахын хажуугаар ийм ойрхон хоёр тэмцээнд орох бараг л боломжгүй мэт санагдаж багш дээрээ очоод “Эрхээ мэдье тэмцээнд л сайн хичээж бэлдэж байгаад оръё” гэсэн боловч багш маань “Хэрэв болгоё бүтээе ээ гэвэл аль алинд нь бэлдээд оролцоход та нар чадна шүү дээ. Өөрсдийгөө битгий дутуу үнэл” гэж хэлж байсан сан. Ингээд л энэ хоёр тэмцээндээ хоёуланд нь оролцохоор болж, сургуулиа хаатал нь сууж бэлдэн, заримдаа орой сургууль хаах үед хажуу талын CU орж бэлдэж, гэртээ харин харьтлаа багийнхантайгаа чатлаж, ярьж үнэхээр л “мэтгэлцээнээр амьсгалж” байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бодох нь ээ, ингэж тэмцээнд бэлдэх, оролцох гээд бүхий л тэмцээний процесс нь сурагч насны минь хамгийн нандин дурсамж болж үлджээ. Эхний тэмцээндээ орлоо – дэд байр. Одоо харин бүхэл бүтэн хоёр жил хүлээсэн “Эрхээ мэдье” улсын аварга шалгаруулах тэмцээн. Манай клубээс хоёр баг оролцож, хоёул зооноосоо гарцгаав. Манай клубийн мухар сүсэг ч гэх үү, сугалахаасаа өмнө улаан утас таслабал хоорондоо таардаггүй гэж дээд үеийн ах эгч нар ярьдаг байсан. Тийм болохоор нь багуудыг сугалаагаа сугалаарай гэж дуудсаны дараа тэр том тайзан дээр бид нар хоорондоо улаан утас тасалж хүмүүсийн инээдийг хүргээд авсан түүхтэй. Иймэрхүү мухар сүсэг ч баг болгонд байдаг биз. Энийг хэлэхэд жоохон ичмээр ч гэлээ, манай баг сугалааныхаа цаасыг гурав хуваагаад залгичихдаг байсан даа хаха. Азтай байх болтугай гээд гурвуулаа биедээ (гэдсэндээ л гэсэн үг) тэр сугалааныхаа цаасыг шингээж буй нь тэр гээд л. Би л энэ санааг нь гаргасан хэрэг. Тийнхүү явсаар манай клубийн хоёр баг хоёул шилдэг дөрөвт тунаж үлдэв. Хэрвээ хоёулаа одоогийн тоглолтонд ялах юм бол аваргын төлөө таарна. Зооны дараах тоглолтуудын ялалтыг шууд танхимд нь зарлах биш дараа нь том тайзан дээр зарладаг болохоор ч тэр үү, хариугаа сонсох хүртэл “Ялсан болов уу, ялагдсан болов уу?” гэж бодоод л, ерөнхий шүүгчийн дүгнэлтийн үг бүрийг нь дахин дахин бодож сэтгэлээ түгшээдэг сэн. Ялалтын парадын дууг одоо хүртэл сонсохоор яг тэр тэмцээний хариугаа хүлээж байгаа мэдрэмж төрдөг. Эцэст нь, ганц ч ялагдалгүй явсаар аваргын төлөө юу, хүрлийн төлөө юу тоглолт дээр ялагдаж хүрэл медалийн төлөө тоглохоор болж билээ. Миний сурагч насны хамгийн сүүлчийн тэмцээн тэр “Эрхээ мэдье” тэмцээн байлаа. Гуравдугаар байр – нүдэндээ нулимстай. Үнэхээр их хичээсэн, хүссэн гэхдээ л зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй. Одоо бодох нь ээ, тийм олон сэтгэл хөдлөлийг нэг дор мэдэрсэн болохоор хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээн маань ч энэ тэмцээн байж.

Баяр, гуниг хосолсон, ялалт, ялагдлын амтыг мэдрүүлснээс гадна хамгийн чухал нь оюун бодлыг минь нээж, харах өнцгийг минь тэлсэн мэтгэлцэх урлагт үргэлж баярлаж явдаг. “Эрхээ мэдье” бол энгийн нэг тэмцээнээс ялгаатай нь хүний эрхийн өндөр мэдрэмж шаарддаг. Энэ тэмцээнд бэлдэж, шинэ зүйлс уншиж, судлах тусам хорвоо дэлхий дээр олон төрлийн хүмүүс байдаг, тэдэнд янз бүрийн зүйлс тохиолдож байдаг тухай, зүгээр л бидний жижигхэн үг, үйлдэл бусдад ямар ихээр нөлөөлдөг гэдгийг хамгийн ихээр ойлгож авсан. Хүний эрхийг хэрхэн, яаж хамгаалах тухай илтгэж, мэтгэлцсэн хүн хэзээ ч хүний эрхийг зөрчихгүй гэдэгт итгэдэг. Жинхэнэ мэтгэлцэгч хүн гэдэг хий хоосон ярих бус өөрийн үнэт зүйлийг эрхэмлэн асуудлыг олон талаас нь эргэцүүлж, баримт нотолгоо дээр суурилан асуудлын хамгийн зөв шийдлийг гаргадаг хүн гэж боддог. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй бүх сурагчдадаа амжилт хүсье. Тэмцээнд ялсан ч, ялагдсан ч тэр бүрээс томоохон туршлага хуримтлуулж, сурагч насны хамгийн сайхан дурсамжийг бүтээдэг юм шүү".

ШИНЭ МЭДЭЭ