"Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаар олон талт төлөөллүүд асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгов
"Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” батлагдсаны 75 жил, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчмууд батлагдсаны 30 жил, "Хүний эрх хамгаалагчдын тухай тунхаглал” батлагдсаны 25, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг Монголын Эмнести Интернэшнл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран /2023.10.31/-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй тус симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, хүний эрх хамгаалагчид оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргав.
Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрууд үндэсний стратеги боловсруулах, түүний хэрэгжилт, хяналт, үнэлгээг зохицуулах үүрэг бүхий бүтцийг байгуулах, тэрхүү бүтэц нь холбогдох яамд, үндэсний бусад оролцогч талууд хамтран ажиллахаар заасан.
Тиймээс хүний эрхийг хангах, хамгаалах талаар салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн боловсролыг албан боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулахад та бүхэн дуу хоолойгоо нэтгэж, хамтын шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэдгийг онцоллоо.
Симпозиумын салбар хуралдаан:
- “Монгол Улсын хүний эрхийн боловсрол, сургалтын сайн туршлага
- “Хүний эрхийн боловсролын арга зүйч бэлдэх боломж, нөөц”
- “Данийн хүний эрхийн хүрээлэнгийн ТХЗ 4.7/Хүний эрхийн боловсрол судлах шинэ аргачлалын танилцуулга” илтгэл
- “ТХЗ 4.7/Хүний эрхийн боловсрол судлах шинэ аргачлалыг нутагшуулах нь”
- “Хүний эрхийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөрийн дундын мэдээллийн сан байгуулах эрэлт, хэрэгцээ”
- “Хүний эрхийн боловсролын үндэсний тайлан боловсруулах санаачилга” (Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн зорилго, бодлого, арга зүй, уялдаа холбоо)
- “Хууль зүйн клиникийн үндэсний сүлжээ байгуулах түүний үр нөлөө
- “Зорилтот бүлэгт чиглэсэн хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдвийн хүрээнд олон талт салбарын төлөөлөл нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг тодорхойлж, шийдэл санал болголоо.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
- Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/