Энхболд.М 2018.04.19 | Сайт: Vip76.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн засаг даргыг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн үү?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн засаг даргыг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн үү?
Л.Ганболдыг томилсон хууль Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үдсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна.

2018 оны дөрөвдүгээр сарын  06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээж авах боломжтой хэмээн  үзээд байгаа юм.


УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүд энэ асуудал бол ҮХЦ-ийн хэлэлцэх асуудал бус харин Хөдөлмөрийн маргаан буюу Захиргааны хэргийн маргаан хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Ингээд санал хураахад гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн үзлээ.