2018.11.22

О.Баасанхүү: Төрийн эрхийг хууль бусаар авахыг би зөвшөөрөхгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Орон нутгийн удирдлагад сонгогдож байгаа хүмүүс төрийн удирдлагад сонгогдож байгаа хүмүүстэй тэгш эрхийн зарчим ярья гэж байгаа нь хэр зохистой вэ? ҮХЦ-ийн дүгнэлтэнд ч энэ тухай орсон байна. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. УИХ-ын гишүүн гагцхүү хуульд захирагдана. Ард түмний элч байна гэж заасан.

Өнөөдрийг хүртэл байдлыг хөндлөнгөөс харахад УИХ-ын даргыг огцруулах гэсэн хэдэн хүн яваад байна. Огцруулах 2 арга байна. Өөрөө өргөдөл өгөх, ҮХЦ-ээс дүгнэлт гаргах ёстой. Өөрөө огцрохгүй гэж байхад хүнийг огцруулах боломжгүй. Тэглээ гээд Үндсэн хуулиараа засаглалын бүх хэлбэр ард түмний гарт байна. Засаглалын дээд хэлбэр нь парламентад байна гэсэн. Ийм байхад парламентруугаа нулимж, хамаг муу муухай хулгайчдын үүр болсон мэт сурталжилж байна.

Батлан хамгаалахын сайд орж ирэхгүй байгаад би айж байна. Тагнуулаа томилдог Ерөнхий сайд, төсвөө барьдаг Сангийн сайд нь орж ирэхгүй байхад бид энд цалин мөнгийг өгье гээд байх нь зөв үү буруу юу?  Хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа бол Төрийн эрхээ би цус асгаруулаад ч болов тэмцэж буцаан авна."