Бат-Эрдэнэ.Б 2018.04.06

Б.Бат-Эрдэнэ: Цэц маш зөв дүгнэлт гаргасан

2018 оны УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы анхны хуралдаан эхэлж байна. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

ҮХЦ- дүгнэлтээ гаргажээ. Гаргасан дүгнэлтийг маш зөв дүгнэлт, хүлээн авах ёстой гэж үзэж байна. Цэцийн 9 үндэслэлд  дурдсанаар 3 удаа зөвхөн УИХ-д бүрэн эрх нь хадгалагдах тухай дурдсан байна. Эрдэнэтээр тогтохгүй, томоохон ордууд ийм зарчмаар явсан шүү. Оюутолгойн гэрээтэй  холбоотой асуудалд УИХ, Байнгын хорооны тогтоол гарч байсан. Тухайн үед хайхраагүй гэрээ хийгдсэн.Өнөөдөр энэ асуудал ямар хэмжээнд хүрээд байна. Тэр үед нь улс орны эрх ашигт нийцээгүй гэрээ гэдгийг хэлж байсан 4-5 гишүүний нэг нь би. Өнөөдөр гарч байгаа муу үр дагаврыг хараад хаана ханаа сургамж авч байна.
Засгийн газар, Эрдэнэтийн 49 хувийг хэзээ өөрийнхөө мэдэлд авах вэ? 51 хувьтай асуудал бас их ээдрээтэй байгаа. Засгийн газар мөнгө төлөх ёстой гээд хариуцлагатай хүмүүс мэдэгдээд байна. Буруу булхайтай үйл ажиллагааны ард төр, ард түмэн буруудаад хоцрох ёсгүй шүү.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд хариуллаа

Цэцийн шийдвэр албан ёсоор гарсан. Үүнийг давсан шийдвэрийг шүүх гаргах ёсгүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авах шийдвэр өөрөө шүүхийн шийдвэр дээр гацаад байгаа. Эрдэнэтийн 51 хувьтай мэдээллийг Засгийн газрын гишүүдээс тодруулаарай.