Батлан хамгаалах хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй гэв
Өнөөдөр /2018.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 1-р дүгнэлтийг сонслоо.
Үндсэн хуулийн Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын батлан хамагаалах тухай хуулийн уг заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Харин энэхүү заалт нь Үндсэн хуулийн 20-р зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн заалттай зөрчилдсөн юм. Үндсэн хуулийн цэц 2018 оны 1-р сарны 31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байна.
Цэцийн дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар дараахь байр суурийг илэрхийллээ.
Х.Нямбаатар: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй. Энэ бол цэц дээр маргаан үүсгэх хэмжээний асуудал биш. Хууль зүйн техникийн алдаа юм. Батлан хамгаалах хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй. Гагцхүү дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх нь УИХ-ын бүрэн эрх буюу 11 дүгээр зүйлд багтах ёстой атал техникийн алдаа гаргасан. Үүнийг цэцэд хандаад байх шаардлагагүйгээр УИХ өөрөө засах боломжтой байсан.
С.Бямбацогт: Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалаа гэдэг байдлаар мэдээлэл цацагдаж байна. Аливаа асуудал бодитой хандмаар байна. Хэлбэр талдаа болгоомжилж, агуулга талдаа анхаарах ёстой. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй болохоор хагалах бутрах асуудал үүсдэг. Батлан хамгаалах тухай хуулийн 12.1 дэх заалт нь дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хуулиар өөрөө өртөө бүрэн эрх олгодог заалт юм. Энэ алдааг засахын тулд иргэд цэцэд гомдол гаргасан. Гэтэл ташаа мэдээлэл түгээдэг байж болмооргүй байна.
Ц.Мөнх-Оргил: Энэ цэцийн дүгнэлт өмнөх зарим цэцийн дүгнэлттэй харьцуулбал дэлгэрэнгүй, шинжээчийн дүгнэлттэй, тэр дотроо асуудлыг задалж нухацтай авч үзсэн байна. Мөн хууль тогтоогчдод хууль тогтоох үндэслэлээ буруу илэрхийлсэн байвал ингэж засч болно гэж чиглэлийг нь зааж өгсөн байна.