2018.11.15

О.Баасанхүү: Ипотекийн зээлээр авсан байрыг банк мөнхий барьцаанд авчихдаг байсан

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн аж. ҮХЦ-ийн 13-р дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“ҮХЦ-ийн энэ шийдвэрийг дэмжих ёстой гэж үзэж байна. Өнөөдөр Монголчууд тэтгэвэр, цалингийн гээд зээлтэй байна. УИХ-ын гишүүд ч хүртэл хөнгөлөлттэй зээлтэй. Байрны зээлтэй хүмүүс хэдэн жил амьдраад зарж борлуулая гэхээр банк мөнхийн барьцаанд аваад зарах боломжгүй болчихсон байсан юм. Ипотекийн зээлийн хүү 8 хувийг 3 хувь болгох боломжтой гэж би үзэж байгаа юм. Ингэвэл иргэдийн нуруун дээр байгаа мөлжлөг 50% хөнгөрөх боломжтой юм. Хэрвээ иргэн хүсвэл барьцаанд байгаа байраа зараад өрөө дарах боломжтой болгож өгөх ёстой. Иргэд нотариатын хуулиар өртэй үхэхгүй байраа зараад шилжүүлээд үхэх боломжтой ядаж болгох ёстой. Ганц бие хүн байртай болж болдоггүй. Ийм хатуу нөхцлийг арилгах нь зүйтэй. Та бүхэн дэмжээрэй.”