МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уриалга гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.09.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уриалга гаргалаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хөдөө” төслийн санаачлан орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хүчирхэг дундаж давхаргыг бий болгох зорилготой. Тэрээр өнгөрсөн сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Шинэ хөдөө” төслийг Засгийн газрын “21-100” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр санал өргөн барьсан.

Харин өнөөдөр тэрээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хандан уриалга гаргажээ.

“Миний бие "Шинэ хөдөө" хөтөлбөрийг санаачлан Монгол улсынхаа олон аймаг сумаар явж тухайн орон нутгийн бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзалдлаа. Зорилго нь ердөө л иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, аливаа бизнесийг дэмжих, ХАА, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал юм. Иймд орон нутгийн удирдлагууд, дарга нартаа хандан энэ төсөл дээр нэгдэж "баялаг бүтээгчдээ дэмжье" гэсэн уриалгыг дэвшүүлж байна. Иргэн баян бол улс баян гэдэг.

"Шинэ хөдөө" төсөлд ХАА-н үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо жимс жимсгэнэ, хүнсний болоод хөнгөн үйлдвэрлэл (ЖДҮ), импортын бараа бүтээгдэхүүнийг орлох бүхий л үйлдвэрлэл бүхэлдээ багтана. Энэ төслийн хүрээнд аймаг, дүүргийн төсөвт жил бүр наанадаж 10 тэрбум төгрөг тусгах шаардлагатай гэж үзэж байгаа.

2017 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих санд ердөө 20 тэрбум төгрөг суулгасан байдаг бол энэ дүнг 21 аймаг, Нийслэл дүүрэгт буюу нийт хийж бүтээе, зээл дэмжлэг авъя гэсэн иргэддээ хуваарилбал далайд дусал мэт болно. Хэрэв аймаг, дүүрэг бүрд дор хаяж 10 тэрбум төгрөг хуваарилна гэж үзвэл 21 аймаг 9 дүүрэгт нийт 300 тэрбум шаардлагатай. Тэгж байж өнөөдөр бид хувийн хэвшлээ баялаг бүтээгчдээ, ХАА-н үйлдвэрлэлээ дэмжинэ. Мөн амьдрал дунд орж ажиллана. Энэхүү төслийг гардан хэрэгжүүлэгч нь орон нутагт иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж буй та бүхэн.

Миний хувьд УИХ,ЗГ-ын бодлого хөтөлбөр болгон батлуулж улсын төсөв болон зээл тусламжийн хүрээнд санхүүжилтийг нь шийдвэрлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Бүх санхүүжилт төсвөөр дамжин орон нутагт хэрэгжинэ. Энэ төсөл миний итгэл үнэмшил, олон түмний хүсэлт хүлээлтэд тулгуурласан одоогоор цаасан дээр байгаа төсөл шүү. Төсөлд ямар нэгэн санхүүжилт өнөөг хүртэл хийгдээгүй. Харин ч энэ зунжин амралтаа умартан хувиасаа санхүүжүүлэн олон зуун км зам туулж Монгол орныхоо төв болон зүүн, баруун хязгаараар аялж олон иргэдтэй уулзаж санаа бодлыг нь тусгасан нэвтрүүлэг хийж МОНРТ-ээр цацсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү нэвтрүүлгүүдээрээ иргэдийн хийж бүтээх хүсэл эрмэлзлийг, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг бас бидэнд байгаа асар их боломжийг төр засаг олон нийтийн анхааралд хүргэхийг хичээсэн болно.

"Шинэ хөдөө" төсөл дор нэгдэж дэмжиж ажиллана уу.”

ШИНЭ МЭДЭЭ