НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ж.Сандагсүрэн: Дүүрэг, хороог хувааснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
2018.04.06
Орон нутгийн хөгжил

Ж.Сандагсүрэн: Дүүрэг, хороог хувааснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно

Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваавал иргэдэд хэр зэрэг ач холбогдолтой байх талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Нийслэлийн хамгийн олон хүн амтай, захын хоёр дүүргийг хуваах талаар хэсэг ярьсан. Энэ талаар та ямар айр суурьтай байдаг вэ? Дүүргийг хуваах нь зөв шийдэл үү?

-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд дүүрэг хуваах асуудлыг ярьж байна. Сонгинохайрхан дүүргийг анх байгуулахад хүн амынх нь тоо одоогийнхоос хоёр дахин бага байсан. Гэтэл манай дүүрэг үүнээс хоёр дахин илүү хүн амтай болсноор төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх талд хүндрэл гардаг нь нууц биш.

Хүн ам ийм хэмжээнд хүрсэн нь механизм өсөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, орон нутгаас шилжин ирэгсэд сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Дүүрэг хуваах нь хэр зөв шийдэл гэдгийг олон сонголт дундаас харж байж шийдэх учиртай. Үүнээс гадна хорооны тоог нэмэгдүүлэх, дагуул хот болгох зэрэг янз бүрийн хувилбар байж болно. Энэ мэт хувилбарыг судалж зардал мөнгө цаашид ирээдүйтэй байх уу гэдгийг тодорхой болгох нь зүйтэй. Аль ч хувилбарыг сонгосон хамгийн ол нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь чухал.

-Эдгээр хувилбараас Сонгинохайрханы хувьд аль нь илүү тохиромжтой байх бол?

-Дүүрэг, хороо хуваах эсвэл дагуул хот болгохын аль нь зөв шийдэл болохыг судалгаагаар гаргах хэрэгтэй. Алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хурдан хугацаанд ойртуулах эхний алхам бол хорооны тоог нэмэгдүүлэх юм. Нэг хороо дунджаар найман мянган хүн амтай байвал ачаалал бага гэж үздэг. Гэтэл манай дүргийн зарим хороо 20 гаруй мянган хүн амтай. Тиймээс эхний ээлжид хороог хувааж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь зүйтэй. Үүний дараа бусад хувилбараас зөвийг нь сонгож, дараа дараагийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу.

-Танай дүүрэг албан ёсоор хэчнээн хүн амтай, хэдэн хороотой вэ. Тэдгээр хороог хэд болгох саналтай байна вэ?

-Одоогоор 322 мянган гаруй хүн амтай, 32 хороотой. Эдгээр хороог есөөр нэмэгдүүлэх саналыг нийслэл рүү хүргүүлсэн.

-Хорооны тоог 41 болгох боломж бий гэж үзэж байна уу. Хороог хувааснаар төрийн үйлчилгээ иргэдэд хүрч чадах уу?

-Боломжтой. Гэхдээ шийдвэрлэх асуудал олон. Тухайлбал, хорооны байр, иргэдийншилжилтхөдөлгөөн, хороо бүрт засаг захиргааны нэгж байгуулах асуудал бий. Иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байгааг яаралтай шийдвэрлэхийн тулд хороог хуваах нь зүйтэй гэдгийг дахин хэлье. Үүний дараа дараагийн алхам руу ороход хүндрэлгүй.

-Дүүргээс илүү хороо хуваах нь зардал мөнгөний хувьд харьцангуй бага байх болов уу. Ойролцоогоор хэчнээн төгрөг шаардлагатай гэж тооцсон бэ?

-Бид тодорхой хэмжээний тооцоо гаргасан. Дүүрэг хуваах нь улсын хэмжээнийх, хорооны тоог нийслэлийн төвшинд нэмэх учраас зардал мөнгөний хувьд харьцуулшгүй.

-Шат дамжлагаараа асуудлыг яриад хуулийн дагуу дүүрэг хуваах шийдвэр гаргавал хороо хувааснаас юугаараа илүү давуу талтай байх вэ?

-Дүүрэг хуваалаа гэж бодоход нэг нь 150 гаруй мянган хүн амтай байх нь. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 300 мянган хүнд үйлчлэхээс 150 мянган хүнд үйлчлэх нь хүртээмжийн хувьд арай өөр. Хэрэв дүүрэг хуваавал эрүүл мэндийн төв, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны бүтэц зэргийг байгуулна. Мөн 150 гаруй мянган хүний шилжилт хөдөлгөөнийг хийнэ. Энэ мэт нүсэр ажил их. Нэг дүүрэгт хуваарилж байсан хөрөнгө оруулалтыг тус бүрт нь олговол дүүрэг болон иргэдэд ач холбогдолтой байх талтай. Эхний ээлжид дүүрэг байгуулах нь хэцүү. Г эхдээ эргээд төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж мөн үү гэвэл мөн.

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллагагүй хороо хэд байна вэ?

-Дүүргийн хэмжээнд цэцэрлэггүй тав, сургуульгүй 13 хороо бий. Сургуулийн насны бүх хүүхдийг бүрэн хамруулж байгаа ч нэг анги стандарт хэмжээнээс илүү олон хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг бэрхшээл бий. Дүүргийн 10- аад мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс энэ тоог 2018 онд хоёр дахин бууруулж, 3-4 хороог цэцэрлэгтэй болгох төлөвлөгөөтэйгээр улсын төсвийн хөрөнгөөр болон бусад дэмжлэгээр цэцэрлэг байгуулах ажил хийж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн насныхны хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилт тусгасан. Иймд дүүргийн хувьд энэ хэмжээнд хүргэх, давуулан биелүүлэх зорилт тавьсан.

-Зарим иргэн хороо, дүүргийг хувааж байснаас сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ийм зохицуулалт хийснээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?

-Төрийн үйлчилгээг зөвхөн сургууль, цэцэрлэг эмнэлгээр хязгаарлаж болохгүй. Хороо, дүүргийн хуваасан, хуваагаагүй Засгийн газраас сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. 

-Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг намынхандаа эрх мэдэл өгөх зорилгоор дүүргийг хуваах гэлээ гэж АН-ынхан эсэргүүцдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан дүүрэг, хороо хуваах асуудлыг 10-аад жилийн өмнөөс ярьж байна. Манай дүүрэг 21 хороог 32 болгож нэмсэн туршлага бий. Хэзээ нэгэн цагт энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй. Аль нам засаг төрийг удирдаж байх нь хамаагүй ямар нэгэн байдлаар шийдвэрлэх ёстой. Бүх зүйлийг улстөржүүлэн хардаж сэрдээд байвал ажил явахгүй, үр дүнд нь иргэд хохирно. Дүүрэг, хороо хуваахыг хэн нэгэн хүн, аль нэгэн нам санаачилсан гэхээс илүү иргэдийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагын үндсэнд бий болж байна.

-Тантай нэгэнт уулзсаных дүүрэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулъя. Аймаг, сум, малчид хүртэл тог цахилгаантай байхад нийслэлийн захын дүүрэгт цахилгаанд холбогдоогүй айл өрх цөөнгүй байх юм. Танай дүүрэгт ийм хэчнээн өрх байна вэ?

-Зургаан мянга гаруй айл өрх байсан. Тэдгээрийг цахилгаанд холбох ажлыг зохион байгуулж, одоогоор гурван мянга орчим айл өрх үлдсэн. Бүх айлыг тогтой болгох үүднээс цахилгааны хүчдэл сайжруулах ажлыг хийж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд автозам, тог цахилгаангүй байршилд иргэдэд цахимаар газар олгосон. Хэрэв тухайн газарт айл өрх суурьшвал цахилгаангүй айл өрхийн тоо дахиад нэмэгдэнэ. Тиймээс цаашид төлөвлөлтөд анхаарах ёстой.

-Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон. Бодит байдалд үр дүн ямар байна вэ?

-Нэг талаараа үр дүнтэй ч нөгөө талаараа бүртгэлгүй айл өрхийн тоо нэмэгдэж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Иргэний үнэмлэх дээр хаяг шилжүүлэхийг хориглочихоор тухайн дүүрэг, хороонд бүртгүүлж чаддаггүй улмаар боловсрол, эрүүл мэндийн тусламж, халамжийн үйлчилгээг авахад хүндрэлтэй. Бусад тохиолдолд ямар ч асуудалгүй. Тиймээс хэн нэгэн танилынхаа хашаанд буух, нийтийн байр түрээслэх зэргээр хотод амьдраад байна. Албан ёсны бүртгэлгүй хүн хотод амьдрах нь илүү эрсдэлтэй.

-Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сайжирсан ч иргэдийн амьдрал төдийлөн дээшлэхгүй. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талд ямар бодлого барьж байна вэ?

-Ажил, орлоготой байснаар хүний амьдрал сайжирна. Хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгүүлсэн, идэвхтэй ажил хайж байгаа иргэдийг ажилгүйчүүд гэдэг. Манай дүүрэгт гурван мянга гаруй бүртгэлтэй ажилгүйчүүд бий. Гэтэл үүний цаана ажил хайхгүй, хайх учраа олохгүй хэчнээн хүн байгааг тогтоохоор судалгаа явуулж байна. 20 мянга орчим иргэн ажилгүй гэсэн албан бус тоо бий. Эдгээрийг ажилтай болгосноор амьдрал нь сайжирна. Халамжид хамрагдах иргэдийн тоо огт буурахгүй байгааг харахад нөхцөл байдал хүндхэн л байна.

-Иргэдийг ажил орлоготой болгох хэрэгтэй гэж бүх төвшинд ярьдаг. Та ч бас хэллээ. Хамгийн гол нь энэ чиглэлд баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажил юу байна вэ?

-”Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн хөтөлбөрийн хүрээнд томоохон аж ахуйн нэгж, байгууллагад хоёр мянга орчим иргэнийг зуучилж ажлын байртай болгосон. Үүнээс гадна бид өрхийн аж ахуйг дэмжих, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх бодлого барьдаг. Нэг өрх ямар нэгэн бизнес хийснээр 4-5 хүн орлоготой болно. Уг нь 40 нас ид хөдөлмөрлөх үе. Гэтэл манай улсад 40- өөс дээш насныхныг ажилд авахгүй байна. Тиймээс бид энэ насныхныг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Энэ онд танай дүүрэгт бүтээн байгуулалтын ажил хэр зэрэг өрнөх бол. Ялангуяа олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн ажил хэдэн хувьтай байна вэ. Хэзээ ашиглалтад оруулах УУ?

-Эмнэлгийн барилгын ажлын явц 35-40 хувьтай байна. Ирэх онд ашиглалтад оруулахучраасэнэжил ажлыг эрчимжүүлнэ. 2018-2019 онд дөрвөн сургууль, арван цэцэрлэг шинээр барьж, таван сургуульд өргөтгөл хийнэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүд, хувийн хэвшлийнхэн өөрсдийн санаачилгаар цэцэрлэг барьж мөн Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хийх гэрэлтүүлгийн ажил юм. Үүнийг хийснээр Сонгинохайрхан дүүрэг 70-80 хувь гэрэлтүүлэгтэй болно. Ажлыг энэ онд эхлүүлнэ.

С.ЮМСҮРЭН

ШИНЭ МЭДЭЭ