МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ хөдөөгийн жентельмэн
2020.06.02
Орон нутгийн хөгжил

Шинэ хөдөөгийн жентельмэн

УИХ-д үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрээ л сэргээе, хөгжүүлье. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эргэлтэнд оруулж, иргэдээ орлогожуулж, ядуурлаас салъя хэмээн байнга ярьдаг цөөхөн гишүүн бий. Тэдний нэг нь Ж.Бат-Эрдэнэ. Гишүүнийг хүмүүс нийтээрээ шахам “сахал” хэмээн тодорхойлж, “сахал” Бат-Эрдэнэ хэмээн нэрлээд хэвшчихжээ. Эр хүний чимэг сахал энэ хүнд хачин донжтой зохидогоос “Сахал” гэдэг үг бараг овог нь юм шиг дагалдах болсон биз ээ.

Сүүлийн жилүүдэд Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шинэ хөдөө” хөтөлбөр хэмээн тасралтгүй ярьж яваа. Манай хүн амын хүнсний гол хэрэглээ мах, сүү цагаан идээ, улаан буудай, хүнсний ногооны тариалалт гээд бүх л зүйл хөдөөгөөс эхтэй. Төрд бүх хүнийг, тэр тусмаа хөдөө орон нутгийн иргэдээ ажлын байраар хангах чадвар байхгүй. Ийм даац, орон тоо, санхүүгийн боломж ч үгүй.

Ажилгүй иргэдээ ажилтай болгох, цалин авдаг хүний цалинг нэмэх, бизнес хийдэггүй хүн байвал, бизнес хийлгэх, орлогтой болгох, бизнес хийдэгийг нь хөл дээр нь босгоно оо гэвэл Жижиг дунд үйлдвэрийг олноор нь байгуулах ёстой юм. Энэ бодлоос “Шинэ хөдөө” хөтөлбөр төрсөн хэмээн тайлбарладаг Ж.Бат-Эрдэнэ гишүүний үзэл бодол өнгөрсөн дөрвөн жилд нийгмийг сэрээж, УИХ, Засгийн газрын гишүүдэд ч эерэг нөлөөгөө үзүүлчихсэн яваа.

Шинэ хөдөө хоосон, популист амлалт байгаагүй. Энэ бол хий хоосон, яриа төдий зүйл биш гэдгээ ч Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хөдөө Булган” хөтөлбөрөөрөө харуулж, Булган аймагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг загваруудыг бий болгон, чацаргана, үхрийн нүд тариалж, малчдын малыг үнэд хүргэх боломжтой махны чиглэлийн эцэг малыг аймгийнхаа сумдад олгож, хуучны сүүн заводыг сэргээх сүү хадгалах танкуудыг байршуулж хөдөөгийн эдийн засгийг сэргээж эхлээд байгаа.

Хөдөөгийн иргэдээ дэмжсэн энэ хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдгийг олж харсан Засгийн газар ч Шинэ хөдөөг Гурван тулгуурт бодлогодоо тусган “Шинэ хөдөө Булган” загварыг Говь-Сүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хэрэгжүүлээд эхэлжээ. Сонгуультай жилийн хавар Шинэ хөдөөгийн санаа бүр ч илүү эргэлтэд оржээ. Улс төрийн томоохон намууд ч энэ санааг мөрийн хөтөлбөртөө шингээгээд авсан нь сүүлийн 30 жил зогсонги байсан эдийн засаг гэсэх нь гэсэн дохиог өгөөд эхлэх шиг боллоо.

Сүүлийн үед хэвлэлийнхэн Ж.Бат-Эрдэнийн хөдөөг, малчдаа орлогожуулах санааг ойлгоод “Шинэ хөдөөгийн жентельмэн” хэмээн нэрлээд эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө Монголын цахим хуудсуудаар ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэн байхыг олж үзээд эзэндээ тохирсон гарчиг гэдэгтэй санал нийж, энэ нийтлэлийг яг тэр гарчигаар өгөхөөр шийдсэн юм.

“Шинэ хөдөөгийн Жентелмэн”-ийг Монголын төрд олон жил ажилласан мэргэшсэн инженерүүдийн нэг гэдгийг нийгэм мэднэ. Тэр бол эзэмшсэн мэргэжилболовсрол, туршлагаа Төрдөө харамгүй зориулж, Зам тээврийн салбарт олон жил ажиллаж, Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд салбарын сайдын албан тушаалыг хашсан мэргэшсэн түшээдийн нэг. Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллахдаа Монголын тэргүүлэх салбар Иргэний нисэх, Төмөр замын олон нарийн төвөгтэй асуудлуудыг шийдэж, агаарын тээвэрт ноёлсон монополийг задлан, онгоцны тийзийн үнийг буулгаж, иргэддээ боломж олгож чадсан юм.

Салбарыг нь доргиосон, нийгмийн анхаарлыг татсан дуулиан шуугиан дэгдэхэд албан тушаалаасаа сайн дураараа татгалзан, хариуцлага хүлээе гэж хэлж чадах түшээ ховордсон цаг.  Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь яаманд болсон хүн амины дуулиант хэрэг, вагон замаас гарахад хүргэсэн их үерийн асуудал мандахад Бат-Эрдэнэ гишүүн төрийн хүнд, монгол эр хүнд байх байх сайхан чанарыг харуулж, үүрэгт ажлаа хүлээлгээд өгчихсөн.

Сахал Бат-Эрдэнэ гишүүнийг хүмүүсийн олонх нь энгийн, нөхөрсөг сайхан эр хүн гэцгээдэг. Хэн нэгнийг ядарсан, задарсан гэдгээр ялгаварлахгүй. Түүнээс ийм зан гарахгүй. Авилга, албан тушаалын болон аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, хувийн эрх ашгийн үүднээс аливаа үйл ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд Ж.Бат-Эрдэнэ гишүүний талаар ийм үг дуулдаагүй. Хувь хүний хувьд нүдэнд дулаахан харагддаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй гэдэг нь Шинэ хөдөө хөтөлбөрөөр нь бүүр ч тод илэрдэг. Нутгийн соёл, түүх, цаг уурын онцлогт тохирсон бизнес загвар одоо Булганд амжилттай үргэлжилж байгаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэстнээ хөрөнгөжүүлнэ гэдэг нь ганцхан энэ сахалтай эрийн санаа биш. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд АНУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудын эдийн засаг ч яг л энэ үйлдвэрлэгчдийхнхээ нуруун дээр зогсож байна.

УИХ-ын гишүүн хууль батлах үндсэн үүрэгтэй. Гишүүнд ч санаачлан батлуулсан олон хууль, хэрэгжүүлсэн олон арван ажил бий. Гэхдээ энэ удаа нийтэд хэрэгтэй, үндэстэнд хэрэгтэй гэдэг утгаар Жентельмэн гишүүний Шинэ хөдөөг онцлон дэлгэж ойлгуулах нь зөв гэж бодлоо. Тэр бол Монгол төрийн өндөр соёл, ёс зүйтэй, ард иргэд, нийгмээ сонсдог, улс орноо таньж мэдсэн, нийгмийн хөгжлийн хамгийн дэвшилтэд боломжит хувилбаруудыг гаргаж ирдэг, хариуцсан ажлаа нэр төртэй хийж гүйцэтгэдэг, хариуцлагаа үүрч чаддаг хүндтэй гишүүдийн нэг юм.

ШИНЭ МЭДЭЭ